Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлнэ

.Graph
2026-03-04

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ хуралдаанаар “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг танилцуулж, шийдвэрлүүллээ.

📊 Статистик мэдээлэл:

  • Хөдөө орон нутгийн хүн амын 35.5 хувь нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байгаа бол хот суурин газарт 23.0 хувь байна.
  •  Иргэдийн мэдлэг, боловсрол, ур чадвар, хөдөлмөрийн хандлагын дутагдалтай байдал, эрүүл мэнд, амьдралын нөхцөл боломж муу зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй байна.
  • 2025 оны 4 дүгээр улирлын байдлаар манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.4 сая хүн байгаагийн 1.5 сая нь ажиллах хүч, 886.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.
  • Нийт ажиллагчдын тоо 1.4 сая байгаа бол хөдөлмөрийн хангагдаагүй хэрэгцээ 115.3 мянган хүнтэй тэнцэж байна.
  • Аймаг, дүүрэг, сум, хорооны засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон төлөөлөгчдийн тоо 9.0 мянга гаруй байна.

🛠️ Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх “Төгсөлтийн аргачлал” төслийг 1259 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн туршлагад тулгуурлан 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

  • Тус хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшингээс доогуур орлоготой 5000 өрхийг хамруулж, тэдний боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, амьжиргааг дэмжих цогц арга хэмжээг авна.

📑Улсын хэмжээнд ядуурлын түвшин дорвитой буурахгүй, ялангуяа хөдөө орон нутагт хамрах хүрээ их байгаа тул засаг захиргааны нэгж, удирдлагын оролцоог хангасан дараах зарчмаар ажиллана:

  • Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, дүүргийн Засаг даргатай, аймаг, дүүргийн Засаг дарга сум, хорооны Засаг даргатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг үнэлж дүгнэнэ.
  •  Орон нутгийн удирдлага нь амьжиргаа багатай өрхийн тоон мэдээлэлд тулгуурлан өрхийг сонгож хамтарч ажиллана.
  • Газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор газар олгох, малжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад нь бүх талаар дэмжлэг үзүүлнэ.
  • Ядуурлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, ААН, ТББ-уудыг уриалж хамтран ажиллана.
  • Засаг дарга нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, тайланг дүгнэн, урамшуулах болон хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.

📈 Үндэсний санаачилгын үр дүнг ажлын байртай болсон хүний тоо, жижиг зээлд хамрагдсан өрхийн тоо, шинээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болсон иргэдийн тоо зэрэг бодит үзүүлэлтээр хэмжинэ. Амжилттай хэрэгжүүлсэн аймаг, дүүрэг, сум, хороо болон дэмжиж хамтран ажилласан байгууллагуудыг оны эцэст Засгийн газраас шагнаж урамшуулна.

Үндэсний санаачилгын хэрэгжилтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар нэгдсэн удирдлагаар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe