“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

.Graph
2026-03-04

Хэлэлцээрийг баталснаар дотоодын агаарын тээвэрлэгчид Болгар болон Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Болгар хоёр улсын харилцаа, худалдаа-эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хэлэлцээрт агаарын тээвэрлэгчийн томилгоо, тээвэрлэлтийн эрх, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, цуцлах нөхцөл, хууль тогтоомж болон дүрэм журмын хэрэгжилт, шударга өрсөлдөөн, нийгмийн болон байгаль орчны асуудал, үнэмлэх, гэрчилгээ хүлээн зөвшөөрөх, нисэхийн аюулгүй ажиллагаа ба хамгаалалт, ослыг шинжлэн шалгах, газрын үйлчилгээ, ашиглалтын хураамж, гаалийн татвар, багтаамж ба тариф, орлого гуйвуулах, арилжааны болон аяллын дугаар хамтран ашиглах, зэрэг зохицуулалтуудыг тусгажээ. 

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны

·      8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК,

·      Долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж,

·      3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.

Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдлаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллах, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулаыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

“Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний “Зорилтот 5000 өрхийн гишүүдийн амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” асуудлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа. 

Үүнтэй холбогдуулан бүс, орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдуулан харьяа нутаг дэвсгэрийн хүн ам, өрхийн ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад үүрэг болгох чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2026 онд “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ядуурлын түвшнээс доогуур орлоготой өрх, иргэний амьжиргааны нөхцөл байдал, боломжид тохирсон ажилгүйдлийг бууруулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, 5000 өрхийг хамруулах юм. 

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана

Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, худалдан авах ажиллагааны явцад тогтмол хяналт тавьж, явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Т.Доржхандад үүрэг болголоо.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д 2026 онд шинээр хэрэгжүүлэх 3,534.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төсөл, арга хэмжээ тусгагджээ.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe