Диникорын ОЧМАА гэж хэн бэ

.Graph
2024-03-07

Энэ бол Диникорын Очмаа. Герман улсын Бавари мужийн Грэйфелфинг хотын Иргэдийн төлөөлөгч, улс төрч, орчуулагч. 

Гадаад харилцааны яаманд л ажилладаг хүн болно гэсэн мөрөөдөлтэй бяцхан охин 2010 онд Монгол Улсын их сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр,  2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд алс холын Герман улсыг зорьжээ. Ингээд 2014 онд Мюнхен хотод “Бизнес, соёлын хоорондын харилцаа, олон хэлний нэвтрүүлэгч, хөтлөгч” хэмээх хос мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж, шүүхээр итгэмжлэгдсэн орчуулагчийн тангараг өргөн Герман, Австри, Швейцарт орчуулагчаар ажиллах эрхтэй болсон байна. Улаанбаатар хотын унаган охин Очмаа ийнхүү Германд байх хугацаандаа ханьтайгаа учирч, усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр овгийг нь авч Д.Очмаа Гөйбел болжээ. Одоо тэрээр төлөөлөгчөөр нь ажилладаг нь Грэйфелфинг хотдоо нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 

Очмаагийн намтраас Монголд өссөн Монгол хүн гадны улсын сонгуульд нэр дэвшээд зогсохгүй ялалт байгуулж иргэдийг нь төлөөлөөд явж буй нь хамгийн содон. Бавари мужийн Грэйфелфинг хотын орон нутгийн сонгуулиар 144 хүнийг сонгогддогоос Очмаа нь саналын оноогоор хоёрдугаарт жагссан байна. Энэ нь тус хотын одоогийн Засаг даргын дараа орж буй томоохон үзүүлэлт юм. Мужийн сонгууль зургаан жилд нэг удаа болдог бөгөөд 2026 оны сонгуульд тэрээр дахин нэр дэвшихээ илэрхийлсэн.

Очмаа нь зөвхөн Германд сонгуульт ажил хийгээд зогсохгүй тэнд очсон цагаасаа элэг нэгт монголчуудтайгаа холбоотой байж, Монгол Улсын гадаадад эергээр сурталчлан таниулахад ихээхэн хувь нэмрээ оруулсан. Тухайлбал, The Hu хамтлагийг дэлхий дахинд сурталчлах ажилд гар бие оролцож, ялангуяа ЮНЕСКО-ийн “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр шалгарахад гол ажлыг нугалжээ. Үүнээс гадна Монгол Улсаас Герман улсад хийх урлаг, соёлын үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхтэй оролцдог

Герман улсын улс төрийн хүрээнд амжилттай ажиллахын хажуугаар Монгол Улсаа эергээр сурталчлан таниулж буй Очмаа хэмээх бүсгүйг Graph.mn сайт #BioGraph буландаа онцоллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe