Сэтгүүл зүйн тухай сэтгүүлчдийн бодрол

Ц.Чимэдцэеэ
2026-03-06

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүл зүйн гал тогоонд буцалж буй дөрвөн сэтгүүлч, нэг судлаач багш нар салбарынхаа талаар юу гэж хэлснийг онцолж байна.

Gogo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн:

Хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байна л гээд байгаа. Гэхдээ чөлөөт хэвлэл яриад, цахим сүлжээ бидний амвьдралд нэвтрээд хэр удаж байгаа билээ дээ. Хөгжлийнхөө үе шатаар яваа шүү дээ. Цаг хугацааны явцад бид илүү сайн байвал нэр хүндээ буцаагаад олж авч чадна.

(2025.05.02-нд graph.mn сайтын асуултад хариулах үеэр)

Ntv телевизийн Сэтгүүлч Б.Түвшинтулга:

Микрофон барьсан л бол би сэтгүүлч гэж ярих бус, бэлтгэж байгаа мэдээлэл, харилцаа хандлага, мэдлэг, ур чадварын асуудлууд цогцоороо тухайн хүнийг сэтгүүлч мэргэжилтэй болгон бүтээж байгаа шүү дээ.

(2025.05.02-нд graph.mn сайтын асуултад хариулах үеэр)

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Д.Идэржаргал:

Монголын редакцууд өдөр тутмын мэдээлэлд хамаг хүчээ тарамдаад байна. Өнөөгийн нийгэмд тогтвортой сэтгүүл зүй хамгийн их хэрэг болж байгаа.

(2025.12.15-нд "Хоёр тал" ярилцлагын нэвтрүүлэг дугаар-9)

Graph.mn сайтын Сэтгүүлч Б.Энхтулга:

Хэвлэл мэдээллийн салбарын зах зээл их жижиг. Гол хөрөнгө оруулагч нь төр болчхоод байна. Энэ хэвээр удаан үргэлжлэх юм бол хэвлэлийн эрх чөлөө, үнэн мэдээлэл гэж байхгүй болно.

(2025.12.15-нд "Хоёр тал" ярилцлагын нэвтрүүлэг дугаар-9)

News.mn сайтын Ерөнхий эрхлэгч Г.Байгаль:

Хэн их хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөж, оюун ухаанаа шавхаж, сэтгэж, илүү ёс суртахуунтай, хүнлэг байсан нь үнэлэгддэг салбар болоосой гэж хүсдэг.

(2025.05.02-нд graph.mn сайтын асуултад хариулах үеэр)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe