2006 оны аравдугаар сард Малайзад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан хэрэг гарснаас хойш 20 жилийн нүүрийг үзээд байна.
Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу Разах Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхдсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох нөхөн төлбөр 5 сая ринггитийг 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус шийдвэрийн дараа Ш.Алтантуяа агсны гэр бүлээс Малайзын Дээд шүүхэд дахин давж заалдах хүсэлтээ өгсөн юм. Тэгвэл С.Шаарийбуу өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсанаар Монгол Улсын Засгийн газар түүнийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.
С.Шаарийбуу:
“Миний хувьд энэ олон жилийн хугацаанд Монгол Улсын төрд анх удаа хандаж байна. Сайхан хүлээж авдаг юм байна. Хамгийн гол нь асуудлыг маш хурдан, шуурхай шийдэж өглөө. Энэ 20 жилийн хугацаанд Малайзын Засгийн газар миний эсрэг өргөдөл гаргаж, надтай давж заалдаж ирсэн. Бүхэл бүтэн нэг улс ганцхан иргэний эсрэг ажиллана гэдэг миний хувь дааж, давшгүй хүнд байсан. Энэ удаад би аргагүй эрхэнд Малайзын Холбооны шүүх буюу дээд шүүхэд нь давж заалдсан. Харин одоо би ганцаараа биш, Монгол Улсын Засгийн газар хамтдаа иргэнийхээ төлөө ажиллах эрх нь нээгдлээ. Өмнө нь хууль дүрэмдээ болдоггүй байсан. Өнөөдрийн хувьд ямар шийдвэр гарав гэвэл Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо. Би саяхан Малайз руу явж, Холбооны шүүхэд давж заалдах хүсэлтээ өгчхөөд ирсэн. Тэд зөвшөөрсөн тохиолдолд давж заалдах эрх нь нээгддэг. Харин одоо тэднийг зөвшөөрүүлэх ажилд Засгийн газартай хамтран ажиллана. Цаашдаа ямар нэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Зарим хүмүүс намайг мөнгөний төлөө явж байна гэж ойлгоод байдаг. Би үнэний төлөө “уучлаарай” гэдэг үгийг л хэлүүлэх гэж энэ хүртэл явж байна. Монголын төр бидний төлөө ажиллах гэж байгаад надад маш сайхан байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх