Г.Лхагвацэрэн: Хэн нэгнээс бурууг ч авралыг ч эрэх биш, өөрөө л юм байна гэдгийг ойлгож байна

Ц.Чимэдцэеэ
2026-03-06

-Ц.Балдорж асны “Хоритой”  жүжигтэй холбогдох болсон үүх түүхээс яригаа эхэлье?

-Бид 20 жилийн өмнө “X ТҮЦ” продакшны толилуулж байсан “Хориотой жүжиг”-ийг оюутан байхдаа үзэж байсан. Тухайн үедээ ямар хурц шийдэлтэй, ямар өвөрмөц, гоё жүжиг вэ гэж гайхаж байсан.

Тэгээд Хэрмэл Крю гээд найзуудаараа нэгдэж инээдмийн уран сайхны кино хийж байгаад, тайзны уран бүтээл рүү зориглоод үзвэл яах вэ, юунаас эхлэх вэ гээд, манай Баясаа Зоригоо хоёр “X ТҮЦ” продакшных учраас санал тавиад,  Онон ах, Одноо эгч маань маш сайхнаар хүлээн авч, өөрсдийнхөө хүүхэд шиг нандигнадаг гайхалтай уран бүтээлээ бидэнд итгэл хүлээлгэж өгсөн.

Уран бүтээлчийн хувьд бүх оюун санаагаа зориулсан уран бүтээлээ бидэнд итгэж өгсөнд нь маш их баяртай байгаа.

-Таны уран бүтээлийн замнал тайзны урлагтай салшгүй холбоотой. Гэхдээ төрөл жанрын хувьд нэлээн өөр шүү дээ. Ялангуяа драмын жүжиг рүү оръё гэдэг эргэлтийн цэг яаж шийдэгдэв?

-Бид чинь СУИС-ийг төгссөн, бүгд л тайз суурьтай. Жишээ нь дипломоо тайзны жүжгээр хамгаалдаг, төгсөөд хошин урлаг, кино дэлгэц гэж явж байгаад өөрсдийгөө соръё гэсэн санал байсан.

Харьцангуй бэлтгэлтэй байгаа байх гэж бодсон чинь үгүй байлаа. Маш том босго байна. Ёстой цаг тулаад, өмнө нь ирээд, маш сайн ухаарч, сайн алгадууллаа даа. 

-М.Батболд найруулагчтай ажиллахад хэр чанга байна?

-Найруулагчийн хувьд эхлээд гайгүй байсан юм. Бэлтгэлийн явцад бол үнэхээр чангарч байна. Түүний Фауст, Гэм зэм, манай Зоригоогийн орсон Шөнө дундын бүжиг жүжгүүдийг үзэхэд Монголын театрын урлагт үзэж харж байгаагүй маш сонин содон зүйлүүдийг үзэж харсан учраас энэ хүнтэй ажиллахыг маш их хүсэж байсан.

Бид зохиолынхоо эрхийг нь авчхаад, 2 жилийн өмнөөс хийх гээд болж өгөхгүй, найруулагч маань олдохгүй, тайз олдохгүй явсаар байгаад яг энэ цаг мөч аягүй сайхан таарлаа. Зайсан Хилл маань биднийг дэмжиж, энэ сайхан заал, танхимыг гаргаж өглөө. 

Батболд найруулагч маань бас яг энэ цаг хугацаанд завтай таарч, олж авлаа.

Магадгүй бид СУИС төгсөөд л драмын театрын жүжгүүдийг үзсээр байгаад хэвшмэл, хайрцагт орчихсон, жүжиг гэхээр л ийм байдаг гэсэн ерөнхий ойлголт байдаг. Гэтэл М.Батболд найруулагчийн яагаад ийм байж болохгүй гэж гэмээр дүрийн гял цал хувцастай байх албагүй, элдэв жижиг хэрэглэл байхгүй зэрэг олон шийдэл санаа олзуурхууштай байна.

Яагаад гэвэл жүжигчин өөрөө тэр дүрийг дотоод сэтгэлээсээ мэдэрч, амьдарч чадвал үзэгчдийг одоо ховсодно, жүжгийг амилуулна. Энэ философи, үзэл бодол үнэхээр их таалагдаж байгаа.

Эндээс бас бид маш их юм сурч авч байна.

Сургуулиа төгссөнөөс хойш хэзээ ингэж нухлуулж ажилласнаа үнэхээр мартсан байна Энэ хэрээрээ амттай байна. Найруулагчаасаа, хамт олноосоо, ахмад жүжигчдээсээ үнэхээр их юм сурч байна. 

-20 жилийн өмнө “Хориотой” жүжгийг үзэж байсан Лхагвацэрэн өнөөдрийн Лхагвацэрэн энэ жүжгийн амин сүнс, философийг нь ойлгож хүлээж авч байгаагийн хувьд ямар ялгаа байна?

-Тэнгэр газар шиг ялгаатай байна. Оюутан цагийн үед бол нэгдүгээрт үзэгч байлаа, хоёрдугаарт одоо сонирхож, гайхаж хүлээн авч байлаа. Үнэнийг хэлэхэд энэ жүжгийн текст болгоны цаадах олон философиудыг үнэхээр ойлгоогүй үзсэн байна. Одоо дотор нь ороод, ажиллаад, найруулагчаасаа зөвлөгөө аваад, үг болгон утга учиртай гэдгийг ойлгоод ирэхээр маш том философи байжээ. Энэ дунд маш олон хүний хайр, маш олон хүний дотоод зөрчил явж байна. Өнөөдөр наанаа нүүрэн дээрээ инээгээд явж байгаа ч цаанаа сэтгэлийн гүндээ, тархиндаа ямар олон бодол, зөрчил агуулж явдаг юм бэ гэдэг харагдаж байна.

Тэгэхээр энийг хамаагүй хөнгөхөн, гадна талаас нь хийж болохгүй байна.

Зүгээр цээжилсэн үгнүүд хэлж болохгүй. Үнэхээр дотроосоо мэдэрч харуулахгүй бол хамаг гоё нь хүнд хүрэхгүй байх аюултай. Тийм учраас л мэдрэхийн тулд шал өөрөөр ажиллаж байна. 20 жилийн өмнө үзэж байсан бацаан бол шал өөр болчхоод байж байна.

-Урлаг, уран бүтээл өөрөө улс төр, нийгмийн байдалтай салшгүй холбоотой байдаг. Таны хувьд энэ жүжгийг өнөөгийн нийгэмтэй харьцуулж харахад юу хэлмээр байна вэ?

-Бидний энэ жүжгийг хийх бас нэг том эмзэглэл бол одоогийн нийгмийн байдал. Магадгүй энэ жүжгийг одоо л бид хийхгүй бол дахиж өөр хүн бараг хийж чадахгүй байх. Энэ цаг үед хийхгүй бол өөр ямар цаг үед хийх вэ гэдэг бас нэг асуулт байна.

20 жилийн өмнө энэ жүжгийг хийж байхад энэ нийгэмд энэ сэдэв байсан бол дахиад хийхэд өөрчлөгдөөгүй байна шүү дээ. Магадгүй барилга байгууламж хөгжил байгаа боловч нөгөө л нэг улс төрийн байдал, эрх мэдлийн асуудлууд, залуучуудын ухамсаргүй үйлдлүүд байсаар л байна. Найруулагч ингэж хэлэхэд ёнк гээд орой руу орж байсан. Пөөх нээрээ тийм байна шүү дээ гээд.

20 жилийн өмнө бүр хаалттай, хүлэмжид ургаж байсан сэдэв өнөөдөр зэрлэг өвс шиг бүр илүү тархаад ургачихсан байна.

Ялангуяа манай жүжгийг залуучууд үзээсэй гэж их хүсэж байгаа.

Яагаад гэвэл залуучууд маань өөр болж байна гээд яриад байгаа. Тэгвэл яг юу нь өөр болоод байгаа юм? Өөрчлөгдөж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй байж магадгүй. Тэгвэл энэ манай жүжгийг үзээд, өөр гэдгээ илүү нотлох ёстой юм байна гэдгээ харах ёстой байх гэж бодож байна.

Дээрээс нь манай жүжиг бол бидний эмзэглэлийн нэг хашхираан. Хашхирахыг хүсэж байгаа. 

-Энэ ажил таныг хэр тухгүйтүүлж, хэр олон шөнийн нойрыг хумсалж байна вэ?

-Бүх уран бүтээлчид цуглаад, уншлагаа хийгээд, дүрээ хуваарилаад эхэлсэн цагаас хойш ёстой бүтэн нойртой хоноогүй л байж байна. Гэр бүлтэйгээ таараагүй бараг 10 хонож байна. Орой тараад очиход хүүхдүүд маань унтаж байдаг, өглөө унтаж байтал тэр хэд маань гараад явдаг, нүүр нүүрийг нь хараагүй удаж байна.

Уран бүтээлээ сайн болгохын төлөө зорьж байгаа. Энэ ч урлагийн хүний хүлээх үүрэг. Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг бас эдлэх хэрэгтэй гэдэг шиг л.

Гэр бүл маань ч энийг ойлгож байгаа. Утас маань дуугарахгүй бараг 10 хонож байна.  Өнөөдөр энэ Баки гэдэг дүр яг хэн юм бэ гэдгийг дотроосоо л мэдэрч харуулж чадвал зорилго маань тэр байна.

-Та дүрийнхээ тухай дурдлаа. Нэгдүгээрт танаас хэр ялгаатай байна вэ, хоёрдугаат Баки нэг талаас муу хүн. Тэгвэл яагаад тийм хүн болсон юм бол, дүрээ өмөөрөөч?

-Баки бол Жижгээгээс шал өөр байгаа. Өөр байлгахын тулд, тэрийг харуулахыг маш их хичээж байна. Хөдөлгөөн, дуу хоолой, үзэл бодол бүгд өөр.

Бакиг эрх мэдэлтэй айлын хүүхэд учраас сагаж, алдах зүйлүүд байгаа. Гэхдээ Баки энэ дундаас өөрийгөө олж авч байгаа. Үзэл бодол гэдэг ийм чухал байх ёстой гэдгийгээ олж авч байгаа нь үнэхээр бахархууштай. Тийм учраас Баки маань үнэхээр хайрламаар дүр байгаад байгаа.

Надаас өөр учраас би ч өөрөө жүжгийнхээ зарим хэсэг дээр Бакигаа алдчихаад байна. Одоо л жүжигчний бэлтгэл сургуулилт, төвлөрөл их хэрэгтэй болоод байна.

-Бакигийн амьдрал, дотоод ертөнцөөс харахад ер нь “ял зэм”, хүний хамгийн том шийтгэл юу вэ?

-Бакигийн дотроос харах юм бол худал зүйлтэй эвлэрэх, сэтгэлдээ харамсмаар зүйл хийчхээд, тэрийгээ байнгын бодож явна гэдэг бол хамгийн том ял юм шиг санагдаж байгаа.

Магадгүй хэн нэгэнд худлаа хэлснийхээ ард өөрийгөө би худлаа хэлчихсэн дээ гэж бодож, би хэн нэгэнд муу зүйл хийчихсэн дээ гэж насан туршдаа санаж амьдарна гэдэг маш том ял.

Гэхдээ энэ жүжгийн үйл явдлууд Бакиг олон зүйл рүү хөрвүүлж байгаа. Гэхдээ энэ дундаас өөрийгөө олж авч байгаа. Тэгээд энэ ялтай, өөрийгөө яллуулахтай эвлэрч чадахгүй байгаа байх гэж бодож байгаа. Тэгж энэ дүргээ өмөөрч бүтээхийг хичээж байгаа.

-Бакигаар амьдрах явцад Лхагвацэрэн гэдэг хүн өөрийгөө хэр таньж мэдэж, ойлгож байна вэ? Өөрийнхөө алдаа оноо, явсан замаа дүгнэж цэгнэх боломж гарч байна уу?

-Сэрэх гэдэг өөрөө өвдөлт байх гэдэг энэ үг байдаг юм. Энэ өөрөө маш гоё үг. Өнөөдөр бид энэ нийгэмд яг зүүдэндээ л амьдраад байгаа байхгүй юу. Яг бодит нийгэм юу билээ, бодит амьдрал хэн билээ гэдэгтэй хүн ямар нэг том асуудалд орохоороо ч юм уу, гэнэт өөрийгөө сонсож эхэлдэг.

Маш олон найз нөхөдтэй, шагнал урамшуулал, магтаал дунд амьдарч байсан бол бодит үнэнтэйгээ нүүр тулахаар яг зүүднээсээ сэрдэг байх.

Тэр үед харин зүүд гэдэг бол яг өвдөлт гэж мэдэрдэг байх.

Тэгэхээр Жижгээ гэдэг хүний хувьд асуудлуудыг дагаад шаналаад хямрах ёстой юм уу, эсвэл сөрж давж гарах ёстой юм уу зэрэг зүйлсийг Бакигийн философиор ойлгож байна.

Асуудлууд дундаас хэн нэгэн намайг гаргахгүй, би л өөрөө гарна. Баки энэ асуудлаасаа өөрөө л гарч байгаа. Хэн нэгнээс буруу хайх биш, хэн нэгнээс аврал хайх биш, өөрөө л гэдэг зүйлийг маш ойлгож авч байна даа.

-Энэ “Хориотой” жүжиг яг тайзан дээр амилах хүртэл, Бакигаар амьдрах хүртэл хэр хугацаа шаардагдав?

-Одоогоороо ч бас алдаад л байна. Саяхан манай Хэрмэл крю Баясаа, Зоригоо, Тагтаа, Цогтоо бид хэд нэлээн орой тараад яриад сууж байсан чинь манай Зоригоо “Бид нарыг ингэж зүтгэж байхад хэзээ нэг өдөр бурхан шагнах байх даа тэ” гээд ингээд хэлсэн чинь Зоригоогоо хараад аймаар хайр хүрээд, өрөвдсөн байхгүй юу.

Мэдээж энэ бурхан нэг өдөр шагнах л байх. Шагнахгүй ч байсан ч бид өөрөө өөрсдийгөө шагначихлаа.

Яагаад гэвэл бид үнэхээр олон зүйлийг олж авлаа, сурч авлаа, үнэхээр маш гоё, амттай уран бүтээлийн ард зүтгэлээ. Итгэл хайр хүлээлгэж, олон  сайхан уран бүтээлчид цуглалаа, найз нөхөд, ар тал бүгд биднийг дэмжиж байна. Энэ болгон өөрөө биднийг шагнаж байгаа том шагнал юм даа.

Үнэхээр амттай байна. Эргээд харахад бас урт хугацааг өнгөрүүлсэн байна. Өнөө маргаашгүй тэгээд үзэгчдэдээ толилуулж, дүнгээ тавиулах л үлдээд байна даа.

-Та энэ уран бүтээлд продюсер мөн гол дүр. Тэгвэл таны Бакиг ойлгож байгаа өнцөг, энэ жүжгээр харуулахыг хүсэж байгаа санаа найруулагчийн хараатай хэр зөрж байна, ер нь зөрөлдөөн гарч байна уу?

-Эхэндээ бол зөрөлдөж байсан шүү. Бид нөгөө 20 жилийн өмнө үзсэн Хориотой жүжгээрээ төсөөлж, бараг л тэрийг  дуурайлгаад, хуулбарлаад тавих гээд явж байсан. Тэгээд найруулагч маань суугаад зохиолоо уншаад, дахиад шинэчилж бичээд, яг энэ үед бол үзэл бодол жоохон зөрчилдөөд, яагаад ингэж байгаа юм бол гэж бодож байгаад, бэлтгэл сургуулилтад ороод нөгөө Баки гэдэг дүрдээ ороод, философийг нь ойлгоод ирсэн чинь ойлгож байна.

Нэг ёсондоо найруулагч маань зөрчилдөөд байгаа хүмүүсийг авчирч эвтэйхэн гурил зуурч байгаад, миний хийх гээд байгаа нь энэ юм аа, та нарын маань хийх гээд байгаа нь энэ юм аа, аль нь зүгээр байна гээд таваг дээр тавиад харуулахаар чинь одоо дотроос нь харна. 

Бид өнгөц харж байсан байна, найруулагч бол дотроос нь харж байсан байна.

Үзэж байгаа хүмүүс маань үнэхээр сонин мэдрэмж авах байх. Зарим нь ч бараг ийм жүжиг байдаг юм уу гэж гайхаж магадгүй.

Зарим үзэгчид жоохон ойлгохгүй гарч байвал жүжигчдийн л буруу байх. Яагаад гэвэл дүрдээ амьдарч чадаагүй, тэр үг текстээ, философио, гоё зүйлүүдээ хүргэж чадаагүй л байх.

Харин хүргээд, яг автуулж чадах юм бол 2 цаг маш хурдан өнгөрөх байх.

-Хамт олондоо хэр сэтгэл хангалуун байна, энэ бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд хэр хугацаа, хүчин чармайлт орсон бэ?

-Өө аймаар юм болсон. Анхнаасаа бодсон бүрэлдэхүүн байгаагүй. Найруулагч маань орж ирээд, энэ дээр ийм хүн байна аа гээд ирэхэд бид чинь айн айн гээд л гайхаад л.

Манай намын даргын дүр байна. Тордайн Ганболд ахыг оруулж ирнэ гэхэл бид бүүр шок. Жүжигчин биш хүн яагаад гэтэл “Энэ нам, улс төрийн талаар дэндүү сайн мэднэ, дээрээс нь гадаадын олон уран бүтээлд ийм онцлох дүрүүд орж ирдэг. Магадгүй энэ нь илүү сонин шүү дээ. Яагаад байж болохгүй гэж, хаана нь тийм дүрэм, хууль байгаа юм” гэхэд л бид яг шоконд орж байгаа юм.

Ингээд өвөрмөц байдлаар бүрдсэн. Сэтгэл ханамжийн хувьд бол маш өндөр байгаа. 

Өөрөөр сэтгэж, өөрөөр хийхийг хүсэж байгаа залуучуудыг аль болох бүрдүүлсэн. Тэд нар маань ч өөрсдийгөө харуулж байгаа. Техникийн багийнхан маань ч маш сахилгагүй байгаа. Шинээр сэтгэж, шинээр хийж үзье гэсэн ийм залуучууд бүрдчихсэн байгаа.

Мөн манай ахмадууд биднийг залуу гэж гололгүй, анхны юм гэж гололгүй хүндэтгэж хүрч ирлээ. Тэр тусам урам нэмж, зааж зөвлөж, байгаа. Энэ хүмүүс манай уран бүтээлд орж ирье гэсэн маш гоё хайр, сэтгэл байгаа байхгүй юу. 

-Бүтээл болгонд хадганд боосон эрдэнэ мэт нандигнадаг, нууцалдаг зүйл байдаг. Энэ нууцаа дэлгэхгүй ч гэсэн зах зухаас нь сонирхуулаач?

-Маш олон ноцтой хэргүүд ч юм уу, маш олон сэдвүүд гараад байгаа мөртөө Монголчууд фэйсбүүк, утасны цаанаасаа харчхаад шэйрлээд л байна, байгаад л байна, энгийн болчхоод байна, дөжирчхөөд байна. Энийг харуулсан нэг үзэгдэл байгаа. Энэ бол үнэхээр "аймаар" үзэгдэл. Аймаар гэхээсээ илүүтэй хүмүүс шоконд орох байх. Үзэгчдэд өөрсдийг нь үзүүлнэ.

Үзэгчийн шар үс босоод, арзайж байвал бид нарын тэр үзэгдлийг хийсний хамгийн гоё кайф нь байхгүй юу. Яг тэр мэдрэмжийг угаасаа ирээд авах байх.

-Хүндрэл, бэрхшээлүүд юу байна вэ? Жишээ нь заал, хүйтэн орчин, хоолой, биеийн ачаалал гээд?

-Ханиад хүрэх, хоолой өвдөх бол жижиг асуудлууд байна. Өөрсдөө продюсер, энэ жүжгээ хариуцаж байгаа болохоор өдөр болгон л нэг асуудал гардаг юм. Ямар сайндаа бид өглөө за өнөөдөр ямар сюрприз байна гэж цугладаг.

Ялангуяа гэрэл чийдэн гээд маш олон техникээс хамаарсан зүйлүүд байгаа учраас тэр бүр хүний оюун санаагаар болохгүй байгаад байна. Заримдаа гэнэт байж байгаад л нэг гэрэл алга болчхож байна, гэрэл унтарчхаж байна, шатчихаж байна. Энэ болгоныг ямар ч алдаа мадаггүй болгохын тулд маш сайн бэлдэж байна.

-Өдөрт хэдэн цаг бэлдэв?

-Өглөө бид 9 гээд л цугладаг юм. Тэгээд шөнө 2, 3 гээд тарна. За эрт тарж байгаа нь шөнийн 12. Яг хэдэн цаг ч бэлдэж байгаа юм бүү мэд. Ямар ч байсан харьж унтдаг юм, тэгээд ирдэг юм.

Ингэж өөрсдийгөө дайчилж ажиллаагүй удсан байна. 

-Жүжигчин хүн сайн уран бүтээл үзэгчдэд хүргэхийн тулд өөрийгөө дайчлах хэрэгтэй. Нөгөө талаас бас өөрийгөө хайрлах хэрэгтэй. Энэ хоёрын тэнцвэр дээр өөрийгөө хэр анхаарч, хайрлаж амжиж байна вэ?

-Мэдээж жүжигчин хүн бэлтгэлийн хажуугаар өөрийгөө хайрлах ёстой. Тийм учраас боломж гарвал жоохон дуг хийх ч байдаг юм уу ямар ч байсан унтах ёстой. За бусдаар бол тэгээд хоолоо сайн идэж байна, нойроо авч байна. Бусдыг нь одоохондоо түр орхиж байна. Нойр хоолондоо сайн байхад болно доо гээд л зүтгэж байна.

-Баки гэдэг дүрийг үзэгчдэд тайлж, уншуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Яг үнэндээ мэргэжлийн уран бүтээлч гэхэд ямар хэмжээнд явж байсан бэ гэдгээ одоо харж байгаа байхгүй юу.

Нэг л их сайхан жүжигчин болчихсон, олны танил гээд яваад байсан чинь ингэж нухлуулж ажиллаагүй, дайчилж ажиллаагүй үнэхээр удсан байна. Тийм учраас өөрийгөө бас голж байна.

Надад бол одоо боломж нь байна. Энэ уран бүтээлчид, найзууд маань, найруулагч итгээд энэ дүрийг өгчихлөө. Одоо надаас шалтгаалах л зүйлүүд үлдчихлээ. Би өөрөө хичээх ёстой.

-Уран бүтээлчийн хувьд энэ дүрд хэр шунаж, өрсөлдөж байж өөрийн болгож авч чадсан бэ?

-Нэг их аймаар шунаагүй шүү дээ. Би өөрийгөө өөр дүр дээр бодчихсон байсан. Төгөлдөр гээд одоо манай Цогтоогийн дүр. Өмнө нь Төтө ах ажиллаж байсан гоё дүр. Гэтэл уншлагын үеэр найруулагч маань Бакид Жижгээ шүү гээд. Би бүр шок.

Дараа нь бүх жүжигчин цуглаад, уншсан чинь болдоггүй, ерөөсөө чаддаггүй.

Найруулагч маань бүр намайг гайхаад, “Үгүй ээ чи чинь ийм сонин хоолойтой юм уу? Үгүй ээ энэ чинь одоо юу вэ? Бакийг ингэдэг одоо яах вэ? Бакигаа солих уу” дээрээ тулаад.

Намайг анх яагаад сонгосон бэ гэсэн чинь “Анх аягүй сайн уншсан шүү дээ. Харагдаж байсан” гээд.

Тэгээд бодсон чинь Баки гэдэг гол дүр шүү гээд оноогоод өгчихөөр энийг яаж хийх вэ гэж дарамт аваад байсан юм шиг байгаа юм. Өмнө нь уншихдаа би хаашдаа Баки биш юм чинь гээд, юу ч бодохгүй уншсан нь илүү байсан юм болов уу.

Юутай ч арчигдах уу үгүй юү дээрээ тулаад, дотроосоо мэдэрч хийх ёстой юм байна гэж зүйлүүдээ ойлгосон доо. Бас их адал явдалтай.

Энэ Баки гэдэг дүр бол маш гоё, маш амттай дүр.  Ер нь бол өмнө нь “X ТҮЦ”-ийн маань Баки бидний хийж байгаа Баки 2 шал өөр. Үнэхээр савлагаатай дүр байгаа. Харуулна даа. 

-Гэр бүлийнхэн тань хэр дэмжиж байна, урам зориг, итгэл өгч байгаа байх даа?

-Манай аав ээжээс авхуулаад л анхных нь тайзны уран бүтээлийг дэмжээд тасалбарыг нь худалдаад авчихсан байгаа шүү гээд л байж байна.

Би чинь заримдаа хямарчихсан гэртээ очдог шүү дээ.

Найруулагчдаа загнуулаад л, нэг л болж өгөхгүй байна, чадахгүй байна, өнөөдөр бүр солих уу гэлээ, би бүр яагаад байгаагаа ойлгохгүй байна гээд очиход эхнэр минь “Миний хайр чадна шүү дээ” гээд л. Тэгэхээр бас нээрээ би чинь чадчих юм болов уу гээд өглөө урам зоригтой гарна.

Эхнэртээ л, бүх юмаа ярьж байна даа. Заримдаа жоохон урам авчхаад хэлэхээр  “Хэлээ биз дээ. Угаасаа чадна шүү дээ” гээд л. Заримдаа гэнэт утсаар хямарчихсан ярихаар шууд хоолойны өнгөнөөс ойлгоод л шал өөр юм яриад явж байх жишээтэй.

Гэр бүл, найз нөхөд бүгд л намайг дэмжиж байна. Одоо хийж харуулахаас өөр сонголт надад байхгүй. Урагшаа дайрна даа.

-Хэрмэл нэгдэл болон Орфей театрын энэ хамтралыг та юу гэж дүгнэх вэ?

-Маш өвөрмөц хамтрал. Хэрмэл Крю бол олон инээдмийн уран бүтээл рүү хүч үзэж явж байсан бол өнөөдөр тайзны уран бүтээл рүү ороход маш хүч дэм одоо болж байгаа нь яалт ч үгүй Орфей театр. Энэ хамтрал бол магадгүй нэмэх хасах цэнэг байх. Хоёр нэмэх ч юм уу, хасах цэнэг нийлбэл арай өөр байх.

Нэмэх хасах цэнэг нийлбэл энэ дундаас угаасаа хүчдэл гарна. Тэгэхээр энэ дундаас маш хүчтэй, сонирхолтой, тэсрэлт болсон уран бүтээл гарна аа.

-“Үүр цайхад” гэдэг уриа үг яваад байсан. Энэ яг ямар утгатай юм бол?

-Энэ маш гоё. Манай найруулагчийн бодож байгаа философи. Залуучууд маань энэ нийгэмд үүр цайлгаж байгаа юм аа гэдгийг хэлж байгаа.

Магадгүй бид өөрсдийгөө олж харахгүй байгаа бол үүр цайж байгаа шүү гэдгийг энэ жүжгээр хэлж байгаа. Жүжгээ бүтэн үзсэний дараа илүү ойлгох байх.

-Ярилцсанд баярлалаа.

Видео үзэх бол энд дараарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe