Орон нутагт өсвөр насны охидын төрөлт хотоос 15-2 дахин их байна

.Graph
2026-03-09

           ОРОН НУТАГТ ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ТӨРӨЛТ ХОТЫНХООС 1.5-2 ДАХИН ИХ БАЙНА

Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манайд 1000 төрөлт тутам дахь энэ түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр үзүүлэлттэй байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэнхимийн багш, доктор Б.Жаргалсайхан хэллээ. Тэрбээр “Өсвөр насныхны төрөлтийн түвшнийг судалж үзэхэд орон нутагт хотынхтой харьцуулахад 1.5-2 дахин өндөр байна.

ӨСВӨР НАСНЫХАНД НӨХӨН ҮРЖИХҮЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ДУТМАГ БАЙНА

Баян-Өлгий, Ховд тэргүүтэй баруун болон зүүн бүсийн аймгуудад өсвөр насны охидын төрөлт улсын дунджаас их бүртгэгддэг. Энэ нь хөдөө орон нутагт нөхөн үржихүйн мэдлэг, боловсрол олгох анхан шатны нэгж цөөн, сум, багийн эмнэлгийн нууц хадгалах боломж муу, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл хомсдолтой байдагтай нь холбоотой” гэв. Тиймээс аймаг, сумуудын эмнэлгүүдэд өсвөр үеийн кабинет байгуулах, нөхөн үржихүйн тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуулах, жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг өсвөр насныханд даатгалаар үнэ төлбөргүй олгох зэрэг бодлогын хэмжээний зохицуулалтыг орон нутагт нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж.

УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮРТГЭГДСЭН НИЙТ ХОРТ ХАВДРЫН ТАЛ ХУВИЙГ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА

“Улсын хэмжээнд 2024 онд хорт хавдрын 8169 шинэ тохиолдол бүртгэгдсэний 4084 нь эмэгтэйчүүд байна. 2024 онд шинээр 521 тохиолдол бүртгэгдсэн нь эмэгтэйчүүдийн нийт хавдрын 12.8 хувийг эзэлж, жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал,

  • 2021 онд 312,
  • 2022 онд 318,
  • 2023 онд 425 тохиолдол бүртгэгдсэн.

Эрт илрүүлж чадвал бүрэн эмчлэх боломжтой хавдар. Гэтэл 40 орчим хувь нь III, IV шатандаа оношлогддог” гэв.

Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн эхэнд элэг, дараа нь умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэс, бусад байрлалынх эзэлж буй юм. Нас баралтын тухайд элэг тэргүүлж байгаа бол ходоод, дараа нь умайн хүзүүний хавдар бичигдэж байна. Эл хавдрын эрт үед ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд үтрээнээс гарах цагаан юмны өнгө, үнэр өөрчлөгдөж, цусархаг болох, бэлгийн харилцааны дараа болон үзлэгийн үед цус гарах, хожуу үед өвдөлт өгч, ядрах, хоолны дуршил буурах зэрэг ерөнхий шинж илэрдэг аж. Ташрамд, умайн хүзүүний хавдар нь хүний хөхөнцөр вирусээр үүсгэгддэг бөгөөд вакцинаар сэргийлэх боломжтой. Эл вакциныг эрэгтэй, эмэгтэй хүмүүс бэлгийн харилцаанд орохоосоо өмнө хийлгэхийг эмч нар зөвлөдөг. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жил тутамд умайн хүзүүний эсийн шинжилгээг харьяа өрхийн эмнэлэгтээ өгөхийг сануулав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe