АНУ-Израиль Ираны эсрэг эхлүүлсэн дайн хоёр дахь долоо хоногийнхоо нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Иранд ойролцоогоор 1200 хүн амиа алдаж, 12.000 иргэн шархадсан бол АНУ-ын найман цэрэг амиа алдсан.
Хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлийн бага хурал зохион байгуулж, дайн “тун удахгүй” дуусах болно гэж мэдэгдлээ. Трамп өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ энэхүү мөргөлдөөн нэг сар үргэлжилнэ гэж хэлсэн бол энэ удаа хугацаанаасаа өмнө дуусгахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Тус мөргөлдөөний гол зорилго нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж, тус улсын цэргийн хүчийг бүрэн устгах зорилготой байсан гэж аль аль тал мэдээлсэн. Хэрэв тэд цөмийн зэвсэгтэй болбол Израильд аюул учирна гэж үзсэн юм. Харин Трампын саяхны мэдэгдэлд зорилгоо бараг биелүүлсэн гэж үзэж байгаа аж.
Тэд Ираны пуужин харвах төхөөрөмж болон тэнгисийн цэргийн хүчний 80 орчим хувийг, пуужингийн хүчил чадлыг нь 10 гаруй хувиар бууруулсан гэлээ. Мөн 5000 гаруй байг онилж, Ираны бүх хүчийг устгасан гэлээ. Харин тэрээр Ираны шинэ удирдагчийн тал дээр ямар нэг чухал байр суурь хэлээгүй бөгөөд тус томилгоонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
37 жил Ираныг хатуу дэглэмээр удирдсан Аятолла Али Хаменеи халдлагад өртөж, амиа алдсанаас хэдэн долоо хоногийн дараа тус улсын албаны байгууллага түүний хүү Можтаба Хамениг дараагийн удирдагчаар сонгож буйгаа зарласан юм.
Түүнийг ийн мэдэгдэл хийж байх хугацаанд газар аваад байсан газрын тосны үнэ буурч эхэлжээ. 2022 оноос хойш анх удаа брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос даваад байсан юм. Өчигдөр гэхэд энэ үнэ бараг 20 хувиар өссөн бол Трампын мэдэгдлийн дараа 8 хувиар буурч, 92 ам.долларт хүрлээ.
Сэтгэгдэл үлдээх