Нийслэлчүүд тэсрэх бөмбөг дунд амьдарч байгааг сануулж, сэрээсэн үйл явдал ердөө хоёрхон жилийн өмнө болсон.
Газ ачсан машины ослын улмаас 7 хүн амиа алдаж, 88 айлын орон сууц, 34 автомашин, дөрвөн барилга шатаж, нийтдээ 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан өнөөдрийг хүртэл иргэд хөндөгдсөн эрхээ сэргээж чадаагүй байна.
Энэ гашуун туршлага бидэнд аюулгүй ажиллагаа, эрсдэлийн менежмент хэчнээн чухал болохыг сануулж, улсын хүн амын тал нь төвлөрдөг нийслэл хот эрсдэлээс сэргийлэх бүхий л арга хэмжээг шат шатандаа анхаарах ёстойг харуулсан.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт энэ бүхэн төдийлөн хамаатай байсангүй.


Түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн, барилга, худалдааны чиглэлийн "Хамаг Монгол групп" компани 2022 онд Баянгол дүүргийн 10 дугаар хороололд 16 давхар бүхий хоёр орон сууцны барилга эхлүүлж, ашиглалтад орсон.

Гэвч тэрхүү барилга нь ШТС-тай залгаа оршдог.
Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны тушаалын хавсралтаар Монгол Улсын барилгын норм ба дүрмийг тогтоож, газар доор савтай ШТС-аас орон сууц, олон нийтийн барилга багадаа 25 метрийн зайд байх ёстой.
Тэгвэл дээрх барилгыг гүүглийн газрын зургаас харахад ШТС-аас ердөө 20 метрийн зайд харагдаж байна.

Ийнхүү дүрэм, журам, нийслэлүүдийн аюулгүй амьдралын дэнчин тавин байж үйл ажиллагаа эрхэлж буй “Хамагмонгол групп”-ийг 2010 онд байгуулж байжээ.

Энэхүү компанийнхаа талаар хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд unuudur.mn https://www.unuudur.mn/a/275364 сайтад тодруулга өгсөн мэдээлэл байна.
Уг мэдээлэлд "Хамагмонгол групп" компанийнх нь үйл ажиллагааг гэр бүлийн хамаарал бүхий хүн нь хөтөлж явуулдаг тухай хэлээд "Гэхдээ миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй" хэмээсэн. Төрийн тендерт ороогүй нь үнэн юм байж.
Гэхдээ угаасаа л төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд тендерт орох албагүй, ёс ч үгүй. Тендерт ороогүй байлаа гээд өөр бусад дүрэм журмыг зөрчиж, өөрийн дураар үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг бүүр ч биш баймаар.
Тэгвэл Х.Нямбаатар 2026 оны хоёрдугаар 11-нд “Хамагмонгол групп” компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлж, хамт компанийн захирлаар бүртгэлтэй байсан И.Баярмааг 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд хасжээ.
Өнөөдөр Х.Нямбаатар хамгийн ихээр стандарт ярьж, хамгийн ихээр иргэдийнхээ эрхийг хязгаарлах гэдэг. Хэнд ч бай шаардлага тавьж, хэнийг ч хамаагүй загнаж явдаг түүний хууль журмаа ийнхүү зөрчих нь шударга гэсэн имижээсээ алд дэлэм зөрж байна.
Энэ бол зөвхөн өнөөдөр сөхөгдөж байгаа асуудал биш. Аль 2020 онд түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад нь нэр бүхий иргэд, хуульчид АТГ-т шалгуулахаар өгч байсан талаар зарим хэвлэл мэдээлж байв.
Үндэслэл нь хамаарал бүхий компаниа нуун дарагдуулсан, СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн газраас авч, хашаанд нь орон сууц барьсныг, барилга барих мөнгөний эх үүсвэр хаанаас эхтэй зэрэг асуудлуудыг дурдаж байжээ.
Сэтгэгдэл үлдээх