Улсын төсвийг хэл амтай жилдээ нэг удаа тодотгодог бол Нийслэлийн төсвийг гурван сар хүрэхгүй хугацаанд тодотгоод баталчихдаг болсон. Энэ төсвийн тодотголоо “СОP-17” олон улсын хуралтай холбоотой зардал нийслэлд шилжсэн учраас гэж хотын дарга тайлбарлаад байгаа. Гэтэл гуя дагаж хүзүү гэдэг шиг санхүүжилтээ хэрхэн босгох нь тодорхойгүй Улаанбаатар трамвай төсөлд зарцуулах 350 тэрбум төгрөг дагаад ороод ирсэн.
Трамвай төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарласан боловч сонирхогч этгээд оролцоогүй. Хөрөнгө оруулагч сонирхоогүй сонгон шалгаруулалтад оролцохгүй байна гэдэг нь энэ төслийн үр өгөөжийг хувийн хэвшлийнхэн бодитой дүгнэчхэж байгаа юм. НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин гэх эрх зүйч мэргэжилтэй бүсгүйд даатгаж төслийг гацаахгүй, үр ашигтай явуулах үүрэг өгсөн. Гэвч тооцоолол нь буруудаад, толгой нь хүрэхгүй байна уу гэлтэй нэг л буруу замаар яваад байх шиг. Төслийг гүйцэтгэх компани нь тодроогүй байхад 350 тэрбум төгрөг төсөвт суулгаж байгаа нь ойлгомжгүй. Мөн дээрээс нь нийт санхүүжилтээ яаж босгох нь ч тодорхойгүй. Трамвай төсөл гэх нэрээс бусдаар юу нь ч тодорхойгүй байж ямар ч байсан мөнгөө аваадахъя гэж хандаж байгаа нь татвар төлөгчдийн мөнгө өөр зүйлд зарцуулагдаад замхрах вий гэх хардлага байгаа юм.
Энэ төслийн нийт санхүүжилтийг 327 сая доллар буюу 1,1 их наядын төсөвт өртөгтэй гэж тооцож байгаа. Төсвийн тодотголоор орж ирсэн 350 тэрбум төгрөг бол гүйцэтгэгч компанид өгөх 30 хувийн урьдчилгаа гэж Хотын даргын орлогч Р.Даваадалай тайлбарласан. Ийм хэмжээний мөнгийг өгөхгүй бол компаниуд ажиллахгүй гэсэн юм байх.
Нийслэлээс өгч буй мэдээллээр Трамвай төслийн 2-р шугам буюу Нисэх-Талбай чиглэлийг 2025-2027 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд хотын шинэ төв Яармагийн бүсийг хотын төвтэй холбох юм. Нийт 15 км үргэлжлэх зам нь 23 буудалтай байх урьдчилсан төлөвлөлт хийжээ. Цаасан дээр буусан ч бодитоор биеллээ олдоггүй, мөнгө нь хаачсан мэдэгдэхгүй дуусдаг төслүүдийн нэг болох вий.
Сэтгэгдэл үлдээх