Өсвөр насны хүүхэд гэмт хэрэг үйлдсэн бол тусгай журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Ц.Чимэдцэеэ
2026-03-10

Бүлэг хүүхдүүд үетэнгийнхнийгээ үг хэлээр доромжилж, хүчирхийлж, зураг, бичлэг хийн мөнгө нэхэх зэргээр дээрэлхэж байсан хэрэг олны анхаарал татлаа.

Энэ талаар өнгөрсөн шөнө цахим сүлжээнд цацагдсан юм. Цагдаагийн байгууллага уг хэргийг гуравдугаар сарын 6-ны өдөр илрүүлэн шалгаж байсан талаараа мэдээллээ.

Хэрэгт холбогдсон найман хүүхэд өмнө нь ижил төрлийн хэрэгт шалгуулж байсан, эцэг эхчүүдээс өргөдөл, гомдол, хүсэлт өгч байсан гэв. Удирдан зохион байгуулаад байгаа  хоёр охин, хоёр хүү байгаа хэмээн тодотголоо.

Хохирогчдыг зодож, үг хэлээр доромжилж, бие махбодод нь гэм хор учруулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Харин бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэрэг үйлдээгүй байна.

Дээрх үйлдэл буюу дээрэлхэх нь зөрчлийн тухай хуулийн 6.20.9-т зүйлчлэгдсэн байх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай.

Харин цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт зүйлчлэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу 11.2-т заасан хүндрүүлэх нөхцөлтэй гэж үзвэл 5-12 жил хүртэл хорих ялтай.

Хүндрүүлэх нөхцөлд:

  • хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн
  • бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн
  • зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн зэрэг хамаарч байна.

Гэхдээ мөн хуулийн наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай журамласан байдаг. 

Ингэхдээ “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” хэмээн тусгайлан заасан.

Мөн “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэх зохицуулалт буй.

Дээрх журамд хэрэг үйлдэх үед 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан хүн хамаарна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe