Сошиал орчинд үе тэнгийн дээрэлхэл сүүлийн хэдэн өдөр гол сэдэв болж байна. Жигших нь жигшиж, шийдэл хэлэх нь шийдэл хэлж. Гэхдээ хүн төрөлхтөний түүхэнд санаатай ч бай санаандгүй ч бай нийгэмд дэгдсэн асуудал шийдлээр дуусдаг нэг сайн талтай. Харин үүнийг буруугаар улс төрд хувь хүнийг гутаан доромжлох, албан тушаал булаах зэргээр ашигладаг муу тал байдаг гэдгийг мартаж болохгүй. Яг энэ сэдвээс өмнө нь УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой дуулиан гол сэдэв болж байв. Гэмт хэрэгт холбогдоод буруутай нь шүүхээр тогтоогдсон Д.Цогтбаатар, байрны луйварт холбогдсон Ц.Мөнхтуяа гишүүнээс эхэлсэн УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг М.Нарантуяа-Нара гишүүн өрдөж галын дөл өөдөө болсон. Богино ой санамжтай бид өөр нэг сенсацтай хольж хутгаад тогтож өгөхгүй байгаа болохоос биш. Ингэж бужигнаж байх хооронд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн бариад амжлаа. Засгийн газар хүлээн зөвшөөрсөн учраас энэ хуулийн төслийг хаврын чуулган эхлэхээр яаралтай горимоор хэлэлцэнэ.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн эсэргүүцэл дагуулж байгаа өнцөг:
Одоогийн УИХ-ын тухай хуульд:
9.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Ялгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Одоогийн хуульд цэц тухайн гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт л гаргана. Харин шийдвэрийг УИХ эцэслэнэ. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хууль дээр Үндсэн хууль хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн эгүүлэн татах эсэхийг шийдэхээр тусгасан. Цэцийн гурван гишүүнийг Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс томилдог. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нийт шүүгчдийн санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай томилох эрхтэй. Тэгэхлээр Үндсэн хуулийн цэцийн томилгоонд Ерөнхийлөгч давуу талтай байж болох талтай.
Хуулийн төслийг саадгүйгээр батлуулах бэлтгэл ажил эхэлжээ…
Ерөнхийлөгч энэ баасан гарагт тодорхой сэтгүүлчдийг Их тэнгэрт хүлээн авах тухай яриа гарав. Зорилго нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөө танилцуулах. Мэдээж дэмжээд өгөөрэй эсвэл шүүмжлэлгүй өнгөрөх талаар л яриа өрнөнө. Хуулийн төслийг нь тэртээ тэргүй сэтгүүлчид мухарлаад ойлгочихсоноос хойш Их тэнгэрт цуглуулж өөрөө тайлбарлатлаа завтай биш нь тодорхой. Хэвлэлийн хэдээ базчих юм бол дараагийн туушиндах асуудал нь харьцангуй гайгүй. Ерөнхий сайд нь өөрийнх нь, УИХ-ын дарга нь бас өөрийнх нь, УИХ-д суугаа МАН-ын нийт гишүүд өөрийнх нь тал. Зарим нэг жижиг намуудыг ч хөдөлгөх боломжтой. Яс яривал Ардчилсан намаас хэдэн гишүүдийг ч хөдөлгөж чадна. Ингээд ерөнхийдөө бэлтгэл ажил хангагдчихна гэж үзэж байгаа юм шиг. Тийм ч учраас хуулийн төслөө өргөн бариад УИХ-ын дарга дээр очих хүртэл саад гарсангүй.
Ноён Х ч угаас дутуу цохидоггүй хүн л дээ. Бэлтгэл ажил нэгэнт хангагдчихсан гэж үзэж байгаа учраас ирэх даваа гарагт чуулганы нээлтэд өөрийн биеэр оролцож хуулийн төслөө өргөн барихаар болсон гэв. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийг хэлтрүүлэх чуулганы хуралдаанд хар шөнөөр орж ирэн гишүүдийг загначхаад гарснаас хойш тэр суудалд үзэгдээгүй. Өөдөөс нь эгцэлж харж суун өөрсдийгөө огцруулах кнопыг дарахад нь сэтгэлийн хүч өгч байгаад хуулийн төслөө батлуулж санаа нь амрах нь. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ дээр уначих юм бол нэр хүндэд нь ч таагүй хэрэг болно.
М.Нарантуяа-Нарагаар хөрсөө дэвсүүлж байгаад -> олны сэтгэл санааг бэлдээд -> араас нь хуулийн төслөө гаргаж ирээд -> Засгийн газартаа яаралтайгаар оруулах үүрэг өгөөд -> УИХ-ын дарга нь хаврын чуулганаар хэлэцэх 31 хуулийн төслийнхөө урдуур очер дайруулан хүлээж аваад -> хэвлэлүүдээ багцлаад -> хуулийн төслөө чуулгандаа өөрийн биеэр сууж батлуулаад -> нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах. Ийм л процесс өрнөөд байна уу даа.
УИХ-ын дарга Н.Учралд уг нь хаврын чуулганаар хэлэлцэх 31 хуулийн төсөл байгаад байдаг. Хүлээгдэж байгаа томоохон хуулийн төслүүд ч энэ дунд нь бий. Б.Энхбаярын хаврын халуухан улс төр нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл батлагдсанаар эхэлж, тэр хуулиараа Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа тэргүүтэй гишүүдийг эгүүлэн татсанаар үргэлжлэх нь ээ.
Энэ бичвэрт УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох нь буруу гэсэн өнцөг агуулагдаагүй. Зөвхөн Ерөнхийлөгчийн хуулийн төсөл хэрхэн 10 хүрэхгүй хоногийн дотор шийдэгдэх гэж байгаа талаар дурдсан болно. Graph.mn-ийн редакц УИХ-ын гишүүн ёс зүйтэй байхыг шаарддаг, шударга Ардчилсан тогтолцоог дэмждэг болно.
Сэтгэгдэл үлдээх