Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, "Цахим аймаг" бодлогын зөвлөмжийг Дархан-Уул, Өвөрхангай аймагт туршилтаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэдээллийн системийн бүрдлийг нэвтрүүлэн, аж ахуйн нэгж, иргэд, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар авах, иргэд шийдвэр гаргалтад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж эхэлнэ.
“Цахим-Аймаг, Ухаалаг-Хот” зөвлөмжийг батлан хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, орон нутгийн цахим шилжилтийг үнэлэх индекс, аргачлалыг боловсруулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.
“Эрчим хүч-4 төсөл” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх аймгуудын хэрэглэгчид хоёр талын найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдаж, хэт урт шугамын төгсгөлд үүсэх хүчдэлийн уналтаас бүрэн ангижирч, иргэдийн амьдрах ая тухтай орчин бүрдэж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндэс болох юм.
Мөн Мөн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Төслийн үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилнэ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар:
1.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих чиглэлээр төрөөс баримтлах бодлого тодорхой болох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдалхангагдана.
2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
4.Мансуурах донтолттой хүнд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэнд болон донтох эмгэгийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлэх, мансуурах донтолтыг илрүүлэх, эмчлэхэд чиглэсэн цогц тогтолцоо бий болно.
6.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих арга хэмжээг оновчтой зохион байгуулах, үр дүнг үнэлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээнд тогтмол судалгаа, мониторинг хийх, бодлого боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийн бааз болох мэдээллийн нэгдсэн цахим сан бий болно.
7.Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм импортлох, худалдах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэргээр эргэлтэд оруулж байгаа байгууллагуудын хүлээн авсан, зарцуулсан, худалдан борлуулсан эм, бэлдмэлийн тоо хэмжээ, зориулалт зэргийг бүртгэлд оруулах, хяналт тавих, тайлагнах журам хуульчлагдана.
8.Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрөл, үйлдлийн хор уршиг болон ял шийтгэлийн бодлого чангарч, Эрүүгийн хуульд заасан “Шударга ёсны зарчим” хангагдана.
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
"Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам"-ыг баталлаа.
Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.
Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ.
Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна.
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
"Монгол Улсад 2026 онд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт"-ыг хавсралтаар баталж, хавсралтад заасан тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлнэ.
Энэ онд манай улс дэлхийн их дуулга жүдо бөхийн "Улаанбаатар 2026" тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хурэгчдийн XXVII, Олон улсын чөлөөт бөхийн "Улаанбаатар опен" тэмцээн, Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн, Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн зэрэг спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээнийг эх орондоо зохион байгуулна. Тэмцээний бэлтгэл ажлыг ханган, өндөр түвшинд зохион байгуулж, төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгав.
Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав
Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Газрын тос, шатахууны үнэ, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэл, дайны нөлөөллийн бүс нутаг болон манай улс хоорондын худалдааны талаар танилцуулсан байна.
Сэтгэгдэл үлдээх