Б.Цогбадрах: Автомашины торгууль төлбөрийн системтэй холбоотой Сангийн яамнаас тендер зарлаагүй

Ц.Чимэдцэеэ
2026-03-12

Торгууль, төлбөр төлөх Tpay.gov.mn системтэй холбоотойгоор Сангийн яамнаас тендер зарлаж, систем хөгжүүлэгч компани шалгаруулсан гэх мэдээлэл ташаа болохыг Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах мэдэгдлээ.

Түүний тайлбарласнаар, 2025 онд Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 2026 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн Монгол Улсад гарсан бүх зөрчлийн торгууль, төлбөрийг Улсын ерөнхий прокурорын газрын нэгдсэн зөрчлийн мэдээллийн сангаар дамжуулан бүртгэж, шийдвэрлэх шинэ системд шилжсэн байна.

Ингэснээр өмнө нь Цагдаагийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв зэрэг байгууллагын системээр дамждаг байсан торгуулийн мэдээлэл нэгтгэгдэж, прокурорын шинэ системээр дамжин шийдвэрлэгдэх болсон аж.

Гэвч шинэ систем нэвтрүүлсний дараа Gerege Systems болон Smart Car зэрэг төлбөрийн платформуудаар дамжуулан төлсөн зарим торгуулийн мэдээлэл зөрчлийн системд автоматаар холбогдохгүй, иргэний зөрчил хаагдахгүй байх асуудал гарчээ. Учир нь тухайн төлбөр Төрийн санд орж ирэхдээ иргэний нэрээр бус, зуучлагч компанийн нэрээр бүртгэгдэж байсан байна.

Үүний улмаас ойролцоогоор 2000 гаруй иргэний төлбөр төлөгдсөн ч зөрчил хаагдахгүй байх нөхцөл үүссэн талаар Б.Цогбадрах хэлэв.

Мөн асуудал нь системийн шинэчлэлтэй холбоотой техникийн доголдол бөгөөд Сангийн яамны Төрийн сантай холбоогүй хэмээсэн.

Харин системийн хөгжүүлэлтийн явцад зах зээлд ажиллаж буй төлбөрийн компаниудтай мэдээлэл солилцоо хангалтгүй байсан нь доголдол үүсэхэд нөлөөлсөн гэж тайлбарлав.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар болон холбогдох компаниуд хамтарсан уулзалт хийж, прокурорын системээс шаардлагатай сервисийг гаргаж, ХУР системээр дамжуулан төлбөрийг иргэний мэдээлэлтэй шууд холбох шийдэлд хүрсэн байна.

Одоогоор асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд Gerege болон Smart Car системүүд удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ гэдгийг нэмж хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe