Сүүлд гарсан судалгаанаас харахад Улаанбаатар хотод амьдарч буй иргэд өдөрт дунджаар 150 сая литр ус хэрэглэж байна. Энэ тоо бол зөвхөн иргэдээс гарч буй ундны усны хэмжээ. Харин нүүрс, байгалийн хий, цөмийн эрчим хүч ашигладаг дулааны болон цахилгаан станцууд нь зөвхөн түлшээр ажиллаад зогсохгүй маш их хэмжээний ус ашигладаг байна. Тэгвэл ер нь хэр их хэмжээний усаар биднийг гэрэл, цахилгаантай байлгадаг вэ гэвэл нэг мегаватт/цагийн эрчим хүч үйлдвэрлэхэд ойролцоогоор 60,000 галлон буюу 220,000 литр ус зарцуулдаг байна.
Харин манай улсын Дулааны цахилгаан станцууд жилд 22 сая шоо метр байгалийн цэвэр ус ашигладаг байна. Учир нь эдгээр станцуудыг анхнаасаа гүний цэвэр ус ашиглахаар зураг төслийг нь гаргажээ.
Энэхүү үйлдвэрүүдийн цэвэр усны хэрэглээг 85 хувиар бууруулах төслийн ажил таван жилийн хугацаанд үргэлжилсний эцэст бэлэн боллоо.
Монгол Улсын одоогийн эрх зүйн зохицуулалт, дүрэм журмын хүрээнд MNS 6734:2018 буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус” гэдэг стандарт бий. Энэ стандартад дахин боловсруулсан усыг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулан 7-8 салбарт ашиглаж болно гэж заасан байдаг. Эдгээрийн нэг нь эрчим хүчний салбар юм.
Иймд АНУ-болон Монголын мянганы сорилтын Усны Компактын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, усны хомсдлоос сэргийлэх зорилго бүхий хөтөлбөр амжилттай хэрэгжлээ.
Тус үйлдвэр шинэ төв цэвэрлэх байгууламжаас туул гол руу цутгаж буй хаягдал усны 20 хувийг татаж, үндсэн гурван үе шатаар цэвэршүүлсний дараа хамгийн том буюу хамгийн их ус ашиглагддаг III, IV ДЦС-д нийлүүлэх боломжтой юм.
Үүнийг ДАЦУ (дахин ашиглах цэвэр ус) гэж нэрлээд байгаа юм. Энэхүү хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь хоногт 50 мянган хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая м3 ДЦС-ын техникийн усны хэрэглээг хангах юм. Энгийнээр тайлбарлавал, 18 сая орчим шоо метр гэдэг бол литрээр 18 тэрбум литр гэсэн үг. Үүнийг хүн бүрийн мэддэг 0.5 литрээр савласан устай илэрхийлбэл 36 тэрбум ширхэгтэй тэнцэхүйц хэмжээний гүний усыг жил тутам хэмнэх юм. Мөн энэ хэмжээний ус нь Улаанбаатар хотын оршин суугчдын унд ахуйн жилийн хэрэгцээний 53 хувьд хүрэх юм.
Тэгэхээр энэ их хэмжээний гүний цэвэр усыг эрчим хүч үйлдвэрлэлд бус байгальд үлдээснээр та, бидний амьдралыг тэтгэж, тэнцвэртэй экосистемийг бий болгох юм.
Хөрөнгө оруулалтын тухайд гэвэл:
Нийт 462 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөг бүрдүүлжээ.
Уг хөтөлбөрт гурван томоохон төсөл багтаж байгаа юм. Эдгээр ажлын гүйцэтгэл дээр дурдсанчлан заасан хугацаа болох таван жилийн турш үргэлжилсэн бөгөөд өнөөдөр буюу 3-р сарын 12-ны байдлаар ажлын нийт гүйцэтгэл 100 хувьд хүрч, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ.
Сэтгэгдэл үлдээх