Шинэ Ерөнхий прокурор “ажилд авна”

Н.Саруулдөл
2026-03-13

Түүхэн дэх хамгийн олон яллагдагчтай, хамгийн олон гишүүн нь хууль хяналтын байгууллагад шалгуулсан парламентаар 2020-2024 оны парламент өрсөлдөгчгүй тодордог.

Нийт 76 гишүүнээс 16 нь хууль, хяналтын байгууллагын хаалга татсан.

Үүнээс 11 нь албан ёсоор яллагдагчаар татагдсан. Харин Ерөнхий прокурор энэхүү 11 гишүүнээс Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ руу оруулж, УИХ-аас хоёрынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр билээ. 

Ийнхүү гурван жил өнгөрч, шинэ парламент 76 биш 126 болж байгуулагдсан.

Хоёр жилийн нүүр үзэж буй энэхүү парламентад шалгагдаж, яллагдагчаар татагдсан нийт 11 гишүүн байгаа нь бага тоо биш. Тэдний 7 нь албан ёсоор яллагдагчаар татагдсан  байна. 

Н.Алтанхуяг

Хөгжлийн банкны гэх хэрэгт түүнийг Анхан шатны шүүхээс цагаатгасан. Гэвч Давж заалдах шатны шүүхээс цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснээр эргээд яллагдагч болж байна. 

Д.Амарбаясгалан

Бортээгийн ордтой холбогдуулан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэргүүдэд тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байна. 

П.Сайнзориг

Бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, шүүхээс хилийн хориг тавиад байна. 

Э.Болормаа

УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Мөн шүүхээс хилийн хориг тавиад байна. 

Х.Булгантуяа

Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Мөн шүүхээс хилийн хориг тавьсан. 

Дав.Цогтбаатар

Хөгжлийн банкны гэх хэргээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. 

С.Ганбаатар

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, хариуд нь аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр яллагдагчаар татсан. 

Нэмээд  Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, Б.Тулга, Ч.Номин нарын хэрэг мөрдөн шалгах шатанд байгаа.

Ийм олон гишүүн шалгагдаж байхад хэнийх нь ч бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ руу орж ирэхгүй байгаа нь Ерөнхий прокурорын ажил хэр байгааг харуулж байна.

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-ны чуулганы хуралдаанд оролцсон 97 гишүүнээс 81 буюу 83.5 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн зарлигаар 2031 он хүртэл улираан томилсон.

Уг хуралдаанаар ихэнх УИХ-ын гишүүн түүнийг сайн ажиллалаа, дахиад сайн ажиллаарай хэмээн магтаал сайшаал дүүрэн байв.

Тэгвэл улс төрийн хүрээнд нэг яриа байдаг. Тэр нь гишүүн л болчихвол хууль хяналтын байгууллагын шалгалтаас гишүүний бүрэн эрхээ ашиглан зугтах боломжтой гэдэг утгатай. Тухайн гишүүнийг яагаад яллагдагчаар татаж байна вэ гэвэл хэрэг хийсэн байж болзлшгүй байна аа гэдэг тодорхой хэмжээний нотлох баримт байна аа гэсэн үг.

Хууль тогтоох дээд байгууллагад нь ийм олон сэжигтэн, яллагдагч үүрлэчхээд байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокурор оруулж ирэхгүй бол хулгайч луйварчид гишүүн болсоор байх болно.

Хуулийн дээр хулгайч луйварчин суухаас сэргийлэх ажил нь Ерөнхий прокурорынх. Гэтэл тэр энэ ажлаа муу хийж байна. 

Хуулиараа бол тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй шалгах боломжтой гэж өөрийгөө өмөөрч мэднэ. Гэвч бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээр илүү өргөн хүрээнд шалгах боломж бүрдэхээс гадна нийгэмд бүрэн эрх гэдэг дархан эрх биш шүү гэдгийг харуулна. УИХ гэж нэг л их хэрэгтнүүдээр дүүрсэн газар болж, парламентын дархлаа, нэр хүнд унаж байна.

Тиймээс тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгасан шиг шалгаад шүүхэд шилжүүлэх эсвэл нэрийг нь цэвэрлэх хэрэгтэй. Чадахгүй гэвэл шинэ прокурор “ажилд авъя”.

Сэтгэгдэл үлдээх

За одоо сэтгүүлч прокурорыг томилдог болох юм уу? Прокурорын хараат бус байдалд халдаад байж болох уу? Энийг нь харин шалгадаг газар нь шалгамаар юм байна.

Gg

Дэмжих үү?

1 0

Прокурорч аваал ордог, гишүүд хамгаалаад үлддэг

Зочин

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe