B copy

Б.Энхтулга
2026-03-13

Бид их дасамтгай. Гэхдээ хатууд бас буруу зүйлд юм. Саяхан даа сошиал орчинд “бид утаагүй болоод тэдэн жил, гэр хороололгүй болоод тэдэн жил болсон байна” гэсэн пост явж харагдсан. Нээрээ л эрх баригчдын хэлсэн амлалт биелдэг, ходоод нь цаддаг бол нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот өнгөтөөр гэрэлтэж, өндөр хөгжилтэй болно хэмээн 2010 оны эхэн үед ам уралдан ярьж байсан шиг Азийн бар улс болчих байлаа. Гэвч жилээс жилд улс, нийслэл хаа хаанаа төсвийн зарцуулалт өсөж өссөн төсөв нь эргэлтгүй урсаж алга болсноор иргэд бид өсдөг инфляц, доройтож байгаа амьдралтайгаа тэмцэн өдөр хоногийг өнгөрөөж байна. Нөгөө хэд маань харин ярьдаг гоё хөгжлөө ярьсаар л... Бүр шинэ нэр томьёо олчихсон.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсөв 9 их наядаас өссөөр 31 их наяд болсон. Төсөв нэмэгдэж байна гэдэг нэг талаараа бид нар тийм хэмжээний мөнгө олж чадаж байна гэдэг бахармаар гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ярьж байна лээ. Иргэдийнхээ төлдөг татварыг хэд дахин нэмж шүүсийг нь шахан байж тэр хэмжээнд хүргэсэн хүн л дээ. Түүнээс оцойтол нь олоод улсын төсөв нэмэгдээд байгаа юм биш. Бас бүрдүүлсэн төсөв нь эргэлтийн цэггүй тэр чигтээ шулуунаар зарлага болоод дууссан. Монголын эдийн засаг ч 10 жилийн өмнөх үедээ гацчихсан. Энэ хугацаанд Хэнтий аймагт хамгийн их төсөв зарцуулж ирсэн нь бас худлаа биш. Тэр нь Л.Оюун-Эрдэнийн хүсэл байсан уу Ерөнхийлөгч ахынх нь шаардлага байсан уу. Хоёул хэнтийнх учраас ярилцаж байгаад тавьсан уу.

Төсвийн бүрдүүлэлт хэт өссөн сүүлийн 10 жилийн хугацаанд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3 жил 115 хоногт нь, Л.Оюун-Эрдэнэ 4 жил 127 хоногт нь ажилласан байдаг. Тэгэхлээр ах, дүү хоёр нийлээд найман жилд нь гал тогоо барьж байсан гэсэн үг. Мэдээж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын ажил авахдаа ахынхаа үлдээсэн зарим төслүүдийг үргэлжлүүлж авч явах үүрэг хүлээсэн байх. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг өөр юу байдаг юм. Тэдний нийлж засаг барьсан найман жилийн хугацааны хамгийн онцгой үе нь Л.Оюун-Эрдэнийг удирдаж байх дөрвөн жилийн хугацаа. Улсын төсөв бараг дөрөв дахин нэмэгдсэн:

2021 онд 13.9 их наяд төгрөг

2022 онд 18.1 их наяд төгрөг

2023 онд 20.5 их наяд төгрөг

2024 онд 27.4 их наяд төгрөг

2025 онд 35.8 их наяд төгрөг

Гэвч бид эрчим хүч нь доголдолтой, дулааны цахилгаан станцууд нь эвдрэлтэй, зам нь түгжрэлтэй, өргөн хэрэглээний бараа нь өдрөөс өдөрт нэмэгдсэн байдалтай хэвээр. Ганцхан жишээ харуулъя

2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:

  • Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
  • Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин
  • Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
  • Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.

Урсгал зардлууд 2-3 дахин нэмэгдсэн энэ үзүүлэлт л бидний зовлогоо зовоож улсдаа төлсөн татвар хэрхэн зарцуулагдаж байгааг илэрхийлнэ. Гоё том том бүтээн байгуулалт ярьдаг, хийж хэрэгжүүлсэн зүйлгүй л дууссан юм даг.

Тэгвэл бид нийслэл гэдэг тусдаа вант улстай болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Мөн л ялгаагүй төсвийн зардал нь жилээс жилд өсөж энэ жил 6 их наяд даваад явж байгаа. Мэдээж Х.Нямбаатар гэх эрхмийг хотын дарга болсноос хойш. Эхлэл нь Д.Сумъяабазар гэж хүнээс эхлэлтэй гэж хэлж бас болно. Хот өөрийн гэсэн төсөвтэй, зарцуулах мөнгөтэй байх ёстой гэж үзэн 2021 онд ажлаа авахдаа 1.1 их наяд байсан төсвийг 2023 онд Х.Нямбаатарт ажлаа өгөхдөө 2.8 их наяд болгож 2 дахин ихэсгээд өгсөн байдаг. Үүнийг нь Засгийн газраас буюу Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Х.Нямбаатарт 6 их наяд болтол нь нэмэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Нэг ёсондоо хоёр жилийн хугацаанд нийслэлийн төсөв бараг дөрөв дахин нэмэгдсэн байгаа юм. Та яг энэ хэсэгт бодоод үзээрэй Х.Нямбаатар ажлаа авснаас хойш гудамд хэрүүл хийж явахаас өөрөөр бидний амьдралд нөлөөлөх ямар ажил хийсэн бэ гэдгийг. Миний бодолд лав хагас дутуу хийсэн замын хажуугийн бродюр, явган хүний зам л харагдаж байна. Аа бас ТҮЦ-ийг нүүлгэсэн. Бусад бүх зүйл нь хийсвэр яриа. Тийм байгаа биз?

Зарцуулах мөнгө нь нэмэгдээд л байдаг хийж байгаа зүйл байхгүй яг л Л.Оюун-Эрдэнийн “B copy” мэт.

Хятадаас хагас коксожсон нүүрс, Сэлбийн иргэдийг хоёр хуваасан далан, хотын бонд, замын бродюр, ТҮЦ нүүлгэх гэх мэт түүний хийсэн онцгой бүтэлгүй ажлуудаас дурдвал нэг иймэрхүү. Харин бүтэлтэй болсон ажлуудаас нь дурдвал автобусны шинэчлэл, бөөрөлжүүтийн цахилгаан станц бусдаар нийслэлийн иргэдийн татварыг төрөл бүрээр нь нэмснээс гавьсангүй.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe