Сүүлийн гурван жилд Нийслэлийн Засаг дарга 2700 орчим га газар олгосон гэх асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Батжавхлангаас тодрууллаа.
-Нийслэлийн Засаг дарга газар олгохыг хориглосон атлаа өөрөө 2700 орчим га газар олгосон гэх шүүмжлэл гарч байна. Энэ үнэн үү?
-Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор манай байгууллага гарсан захирамж, тоон мэдээлэл дээр үндэслэн судалгаа хийсэн.
Одоогийн хотын дарга 2023 оны аравдугаар сард томилогдсон. Үүнээс өмнө буюу 2023 оны наймдугаар сарын 16-нд Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод үерийн эрсдэл болон замбараагүй газар олголттой холбоотойгоор шинээр газар олгох асуудлыг зогсоосон.
Түүнээс хойш шинээр газар олгосон тохиолдол байхгүй. Харин өмнө нь эрх зүйн харилцаанд байсан газруудтай холбоотой хэд хэдэн төрлийн шийдвэр гарсан.
-Тэгвэл ямар хэлбэрээр газар шийдвэрлэгдсэн бэ?
-2023–2025 оны хооронд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 1218 иргэн, хуулийн этгээдийн 1869.1 га газарт эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр гарсан.
Эдгээр нь дараах төрлүүдэд хамаарна.
268 иргэн, хуулийн этгээдийн 387.5 га газар:
Дүүргийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг даргын захирамж болгох асуудал бас бий. Өмнө нь үүнийг “баталгаажуулах” гэж нэрлэдэг байсан.
Газрын тухай хуульд инженерийн дэд бүтэц бүхий барилга байгууламж барих, мөн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд туссан байршлуудад газрыг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй гэж заасан байдаг.
Үүний дагуу тухайн газар дээр барилга барих бол архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл зэрэг мэргэжлийн байгууллагуудын бичиг баримтыг бүрдүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулдаг. Энэ зохицуулалт 2013 оноос хэрэгжиж эхэлсэн.
Иймээс өмнө нь дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байсан, эсвэл дуудлага худалдаагаар газар авч төлбөрөө төлсөн, гэрээнд заасан нөхцлөө биелүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд захирамжаа Нийслэлийн Засаг даргын захирамж болгуулах хүсэлт гаргадаг.
Энэ журмын хүрээнд 2023–2025 онд 268 иргэн, хуулийн этгээдийн нийт 387.5 га газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулсан.
246 хүсэлт бүхий 50.3 га газар:
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон нэг том эрх бол газар өмчлөх эрх юм. Энэ эрхийн хүрээнд иргэд газрыг гэр бүлийн болон хамтын хэрэгцээний зориулалтаар өмчилж авах боломжтой бөгөөд энэ зохицуулалт 2003 оноос хэрэгжиж ирсэн.
Харин сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газрын харилцааны шинэчлэл, шилжилт явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах, амины орон сууц барих, дэд бүтцэд холбох зэрэг олон өөрчлөлт хийгдэж байна.
Энэ нөхцөлд зарим иргэд өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газраа өөр зориулалтаар ашиглах шаардлага гардаг. Тухайлбал, үйлчилгээний барилга эсвэл орон сууц барих зэрэг хэрэгцээ бий болдог.
Ийм тохиолдолд иргэн өмчлөх эрхээсээ татгалзаж, газрыг эзэмших эрх болгон өөрчлүүлэх хүсэлт гаргадаг. Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа тухайн газар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлуулах, барилга эхлүүлэх зөвшөөрөл авах зэрэг дараагийн үйл ажиллагааг явуулах боломж бүрддэг.
Энэ зохицуулалтын хүрээнд 2023–2025 онд 246 иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэж, нийт 50.3 га газарт өмчлөх эрхийг эзэмших эрх болгон өөрчилсөн байна.
193 иргэн, аж ахуйн нэгж 531.8 га газар:
Газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах зохицуулалт мөн бий. Энэтэй холбоотойгоор Газрын тухай хуульд 29 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг нэмсэн.
Тус заалтад нийт найман төрлийн нөхцөл тусгасан байдаг. Үүнд инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж барих зэрэг нийтийн эрх ашигтай холбоотой тохиолдолд газар чөлөөлөх асуудал ордог.
Ийм нөхцөлд тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн эрхийг харгалзан үзэж, газрын байршлыг өөр газар руу шилжүүлэх, өөр газраар дүйцүүлэх, эсвэл мөнгөн нөхөн олговор олгох зэрэг хэлбэрээр зохицуулдаг.
Мөн үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хууль батлагдсан бөгөөд энэ хүрээнд газрыг газраар дүйцүүлэн олгох зохицуулалтыг тусгасан.
Энэ журмын дагуу 2023–2025 онд нийт 193 иргэн, хуулийн этгээдийн 531.8 га газрыг өөр газраар дүйцүүлэн эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.
Эдгээр шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг учраас гаднаас харахад “газар олгосон” мэт харагддаг. Гэвч бодит утгаараа шинээр газар олгосон биш, харин газар чөлөөлөлтийн хүрээнд өөр газраар дүйцүүлж олгосон шийдвэрүүд юм.
30 иргэн, хуулийн этгээд 17.3 га газар:
Шүүхийн шийдвэрээр газрын эрхийг сэргээж, шийдвэрлэсэн тохиолдол бас бий. Энэ нь нийт тоогоор ойролцоогоор 2 мянга боловч дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй.
Хуулийн хүрээнд 2023–2025 онд 30 иргэн, хуулийн этгээдийн 17.3 га газрын эрхийг эргэн сэргээсэн байна. Энэ нь хуульд заасан бичиглэл байхгүй ч, өмнө нь эрх зүйн харилцаанд байсан газруудыг шүүхийн шийдвэрээр хууль ёсны эрхийг нь сэргээж олгосон хэрэг юм.
Ийм тохиолдолд, хууль бус, эсхүл зөрчилтэй гэж тогтоогдсон нөхцөлд ч эрх нь сэргээгдэж, эзэмших боломж олгосон байна.
280 байгууллагад 591.8 га газар:
Энэ зохицуулалт нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолоор хийгддэг бөгөөд төрийн өмч, орон нутгийн өмч, бүх төрлийн газрын эрхийг энэ тогтоолын хүрээнд шийддэг.
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны байр, нийгмийн үйлчилгээний байгууламж, бусад олон төрлийн зориулалттай газар бүгд багтаж, төрийн байгууллагуудад дээрх хэмжээний газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
70 СӨХ-нд 33.3 га газар:
Иргэн, хуулийн этгээд барилгаа Улсын комисст хүлээлгэн өгдөг. Ашиглалтын 3 жилийн хугацаа дууссаны дараа, оршин суугчдын төлөөллийн байгууллага буюу СӨХ-д газар ашиглах эрх шилжүүлдэг. Дээрх 2023–2025 онд 33,3 га газрыг СӨХ-д гэрээгээр ашиглах эрх олгосон.
131 иргэн, хуулийн этгээд 253.2 га газар
2024–2025 онд 131 иргэн, хуулийн этгээд дуудлага худалдаанд амжилттай оролцож газар эзэмших эрх авсан. Нийт 253,2 га газар эзэмшиж, ашиглах болсон. Газрын эзэмшлийн гэрчилгээ, гэрээ нь холбогдох хүмүүст олгогдож, мэдээлэл нь Э-Газар Цахим Систем дээр нээлттэй, шилэн байдлаар тавигдсан. Энэ дуудлага худалдаагаар 15.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн
Нийтдээ манай байгууллагын архив, албан ёсны захирамжид тулгуурласан мэдээллээ 2023–2025 онд 305 удаагийн захирамжаар 1218 иргэн, хуулийн этгээд 1869,1 га газрыг эзэмших, ашиглах эрх авсан. Үүнд төвийн 6 дүүрэг хамаарахгүй. Зөвхөн Налайх, Багануур, Багахангайд олгосон байна.
-Иргэдэд шинээр газар олгох асуудал ямар байдалтай байна вэ?
-Одоогоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт шинээр газар эзэмшүүлэх боломжгүй. Учир нь эдгээр бүсэд дахин төлөвлөлт хэрэгжиж байгаа. Харин Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших хүсэлтийг цахимаар авч байгаа.
-Хотын төлөвлөлтийн болон иргэдийн эзэмших хүсэлтэй газар ямар нэг төслийн нөлөөлөлд өртөх эрсдэл байгаа эсэх зэрэг мэдээлэл иргэдэд нээлттэй байдаг уу?
-Газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон архитектур төлөвлөлтийн мэдээллийг egazar.gov.mn болон ebarilga.ub.gov.mn сайтуудаар дамжуулан нээлттэй байршуулдаг. Эндээс иргэд тухайн газар орон сууц, үйлчилгээ, ногоон байгууламж зэрэг ямар зориулалттай бүсэд байгааг харах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх