УИХ-ын 2026 оны хаврын чуулганыг нээлээ.
АН-ын бүлгийн 42 гишүүний 41 нь оролцсон хурлаар 100 хувийн саналаар УИХ-ын даргыг намын даргаар хавсран ажиллах боломжгүй гэдэг зарчмыг баримтлан байр сууриа баталсан талаар О.Цогтгэрэл мэдээллээ.
Бүлгийн шийдвэрт “УИХ-ын дарга намын даргаар ажиллаж байгаа нөхцөлд АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэх зарчим тусжээ.
Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг гацаах бус, дэд дарга нар УИХ-ыг хэвийн зохион байгуулалтаар удирдах нөхцлийг хангаж байгаа хэмээн тайлбарлав.
АН-ын бүлгийн гишүүдийн үзэж байгаагаар, 2016 оноос хойш нэг нам дангаар засаглаж буй 10 жилийн турш авлигажсан тогтолцоо бий болсон бөгөөд энэ нь улс орны бодлогын үр дүнд сөргөөр нөлөөлжээ. Тиймээс нэг намын дарга парламентын даргаар ажиллах нь УИХ-ын үйл ажиллагааны зарчмын хувьд зохимжгүй гэж АН үзэж байна.
Мөн УИХ-ын дарга зөвхөн чуулганы үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй бөгөөд намын дотоод өрсөлдөөний талбар болж болохгүй. Энэ зарчим нь парламентыг олон намын төлөөлөл бүхий мэтгэлцэх талбар болгон хэвээр хадгалахад чухал гэж бүлэг үзжээ.
АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Тэмүүжин “Парламентын ардчиллын үндэс нь намын дарга парламентын даргаар ажиллахгүй байх зарчимд оршино. Энэ нь парламентыг нэг намын дотоод үйл ажиллагааны хэрэгсэл болгохоос сэргийлж, олон намын төлөөллийг төвийг сахисан байдлаар ажиллуулах суурь зарчим юм” гэж онцлов.
Сэтгэгдэл үлдээх