Хэн ямар тамхи хэрэглэж байгаагаараа зиндаархаж, нэгнээ ялгаварлан гадуурах болсныг хүүхдүүд өөрсдөө ярьж байна. Хямд тамхи татдаг нэгнээ адлах маягтай, гоё, үнэтэй тамхи татдагаараа чамирхах болсноос гадна найзуудын бүлэглэлд орж, найзтай болохын тулд электрон тамхи хэрэглэдэггүй хүүхдүүд хүртэл татдаг болж байгаа тухай Ховд аймгийн сурагчдын төлөөлөл УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй уулзах үеэрээ яриад үнэхээр анхаарахгүй бол асуудал улам хурц болж байгааг хэлжээ.
Дунд ангийн охид хүртэл ариун цэврийн өрөөнд электрон тамхи татаж, нэгийгээ дуудан дээрэлхэх зэргээр зан төлөвийн хувьд эвдэрч байгаа нь үе тэнгийнхэнд нь анзаарагдахуйц болсон аж.
Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховдод электрон тамхи худалдаалахыг зогсоож байсан ч хууль гараагүй учраас гээд захирамжийг цуцалж байжээ. “Томчууд яагаад бидэнд тулгамдаад байгаа асуудлыг ойлгодоггүй юм бэ. Энэ тамхийг татдаггүй хүүхэд гэж алга боллоо. Сэтгэц, санхүү гээд олон асуудлыг дагуулж байна. Бас электрон тамхи ялгаварлан гадуурхалтын шалтгаан болж байна” хэмээн хүүхдүүд олон янзын жишээ татаж, электрон тамхи өсвөр насныхны дунд асуудал болоод байгаад өөрсдөө санаа зовж, санаачилга гаргаснаа ийнхүү хуваалцлаа.
УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр эхэлсэн бөгөөд О.Номинчимэг нарын УИХ-ын 78 гишүүний санаачлан өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэн баталбал өнөөдөр зохицуулалтгүй байгаа электрон тамхийг албан ёсоор тамхи хэмээн хуулийн хүрээнд зохицуулахаас гадна өсвөр насныхан, сурагч хүүхдүүдийн дунд татах шалтгаан болоод буй амт, үнэрийг хориглох зэрэг зохицуулалтууд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл үлдээх