АН-ын бойкот тойрсон 5 улс төр

Н.Саруулдөл
2026-03-18

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бойкотоо хийж буйгаа мэдэгдсэн. Тэд УИХ-ын дарга Н.Учралыг суудлаасаа буутал УИХ-ын чуулганд оролцохгүй гэв. Энэ удаагийн бойкот нь өмнөхүүдээсээ илүү хүчтэй.

Учир нь МАН-ын гомдогсод болон тэднийг тойрон хүрээлэгчид тэдэнтэй нэгдэж, парламентын олонх болжээ. АН-ын бүлэг дээр Үндэсний эвсэл, ХҮН нам, ИЗНН-ынхан болон МАН-ын Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн фракцынхан хүч нэмснээр олонх болж, бойкот байгаа онож байна.

Хэрэв тэд нэгдээгүй бол АН парламентын олонх биш учир бойкот хийсэн ч МАН олонх учраас төдийлөн тоогдохгүй байсан, тэгсээр ч ирсэн. Тэгвэл энэ удаагийн бойкот нэг юм дуулгах шинжтэй. 

Түүхийн хувьд

Ардчиллаас хойш бид ес дэх парламентаа байгуулаад байна. Энэ хугацаанд намын дарга УИХ-ын дарга хийж байсан 2 тохиолдол бий. Тэд бол З.Энхболд (АН), М.Энхболд (МАН) нар билээ. 

Зарчмын хувьд

АН-ын барьж буй зарчмын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Олон намын төлөөллөөс бүрдсэн парламент нь олон ургалч үзэл, бодлогын өрсөлдөөнийг дэмжихийн тулд мэтгэлцдэг талбар байх ёстой. Гэтэл энэ талбарын толгой дээр нэг намын дарга суучихвал парламентын үйл ажиллагааг намын хурал мэт удирдах хандлага бий болдог. Энэ нь өөрөө парламентын ардчиллыг сулруулж, үгүй хийх эрсдэлтэй.  Иймээс парламентын спикер буюу Монгол Улсын Их Хурлын даргыг намын даргын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай санаачилгыг өмнө нь гаргаж, Ардчилсан намын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, холбогдох хуулийн төслийг өргөн барьж байсан.  Энэ бол хэн нэгэн хүнд зориулсан зарчим биш. Анх Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байх үед, намынхаа дотоод өрсөлдөөнд оролцох гэж байсан үеэр энэ зарчмыг ярьж байсан. Парламентын спикер намын дотоод өрсөлдөөнөөс ангид, бие даасан байдлаар төвийг сахиж ажиллах ёстой” гэсэн юм. 

Үндсэн хуульд спикерээр намын дарга байж болохгүй гэж шууд хориглоогүй. Гэхдээ намын дарга нь спикер байвал ашиг сонирхлын зөрчил, талцал үүсэх эрсдэлтэй гэж Х.Тэмүүжин гишүүний хэлсэн нь үнэний ортой. 

Жишээлбэл, Их Британид парламентын дарга сонгогдсоныхоо дараа намын гишүүнчлэлээсээ татгалзаж, намын бодлого, улс төрийн тэмцэлд оролцдоггүй. Ингэснээр парламентыг шударга ажиллуулж, Засгийн газрыг амжилттай хянана гэж үздэг байна. Олон улсад энэхүү жишгийг төвийг сахисан хэмээн үнэлдэг аж. Өөрөөр хэлбэл, Х.Тэмүүжин гишүүний сэрэмжлээд буй зүйлээс хамгаалах нэгэн арга. 

Манай улс шиг улс төрийн тэмцэл өндөртэй улсад ийм жишиг сайнаар нөлөөлж ч мэдэх юм. 

Улс төрийн хүрээнд

Намын аливаа акцын цаана эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байдаг. Энэ удаагийн бойкотын цаана олон улс төр өрнөж байна. 

  1. АН дахиад л МАН-ын утсан хүүхэлдэй болсон гэх ярианд орооцолдлоо. Тэр нь ч аргагүй юм. Улс төрийн хүрээнд Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг “Ах дүүгийн барилдлагатай” гэцгээдэг. Тэр ч утгаараа АН-ын бойкотыг Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын фракц болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт байсан бусад намынхан дэмжсэн. Ингэснээр бойкот илүү хүчтэй болж, жин дарж байгаа. 
  2. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракц хоосон үлдэхийг хүссэнгүй. Тэд УИХ-ын даргаар өөрсдийнхөө хүнийг тавиулах сонирхолтой байгаа тухай бор шувуу Төрийн ордонд нисэж эхэлсэн. Тэдний сонгосон хүн нь С.Амарсайхан. Түүний хувьд парламентад олон сонгогдсон туршлагатай. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Шадар сайд хийж байгаад засаг унахад сул гишүүн болсон. Өөрт нь ч гэсэн ҮАБЗ-ийн гишүүний амбийц бий юу гэвэл бий. 
  3. Н.Учрал Г.Занданшатарыг золионд гаргах эсэх эргэлзээтэй. Түүнийг Ерөнхийлөгч талаас дэмжиж байгаа. Уг нь Н.Учрал Ерөнхий сайд болоод Г.Занданшатарыг явуулчихвал “Хонь бүрэн, чоно цатгалан” гэгчээр аль аль тал нь сэтгэл тэнэгэр үлдэх боломжтой. Гэвч Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуулийн гол кандидатаар нэрлэгдээд явж буй учир Ерөнхий сайдаас буух ашиггүй. Буугаад ч очих газар хомс. Дав.Цогтбаатар гишүүнийг явуулж, нөхөн сонгууль хийж гишүүн болж орж ирэх нэг арга бий ч ингэх хугацаа тулгам байна. Хэрэв Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь үнэн бол Н.Учрал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л Ерөнхий сайд болох боломжтой. Тиймээс тэр одоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай зөв тохироо хийж, спикерээрээ үлдэх нэг арга байна. АН-ын бойкот МАН-гүй бол шүдгүй арслантай адил. 
  4. Г.Занданшатар намын их хурлаа хуралдуулж, намын даргаа авч чадвал Ерөнхий сайдаар үлдэх боломжтой. Хэрэв тэр намын даргаа авчихвал АН-ын шаардлага биелнэ гэсэн үг. 
  5. Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар АН-д юу амалсан бол гэдэг сонин. Г.Занданшатарын Засгийн газар Женкогийн хамаарал бүхий хүмүүсийг ихээхэн оролдож байгаа гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар л гэхэд Х.Баттулга маргаангүй эгүүлэн татагдах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Н.Учрал, парламентын аюулгүй байдлаар далимдуулж, Г.Занданшатарын Засгийн газрыг унагаж, 01-ийн хүчийг сулруулах хамтын ажиллагаа байж болно. 

АН-ын бойкотын тойрсон ийм таван улс төх өрнөж байна. Ямар замаар нь явахыг ирээдүйн улс төр харуулах биз ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe