Эрүүгийн цагдаагийн алба хаагчид хэвлэл мэдээллийн ажилтныг сурвалжилсан сэдэвтэй холбоотойгоор барьж хорилоо гэх мэдээлэлд Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр хариу өглөө.
Энэ оны хоёрдугаар сарын 13-нд Иргэн “Д”-ээс negun.mn сайтын сэтгүүлч “У” нь миний хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд түгээнэ хэмээн сүрдүүлж, 50 сая төгрөг авсан гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх үл байдал буюу иргэн “Д” нь 2023 оны есдүгээр сарын 11-нд 50 сая төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул прокурорт хянуулж, хавтаст хэрэг нээн шалгаж байна. Мөн дээрх бичлэгийг хоёрдугаар сарын 11-нд өөр сайтын сэтгүүлч иргэн “Д”-д үзүүлж, дахин 50 сая төгрөг өгөхийг шаардсан нь тогтоогдсон.
Энэ оны хоёрдугаар сарын 27-нд иргэн “Ж” нь negun.mn сайтын сэтгүүлч хууль ёсны ашиг сонирхолд халдсан мэдээллийг нийтлэхээр заналхийлж мөнгө нэхэж байна гэх гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдолд бусдын эд хөрөнгийн авахаар заналхийлэх гэмт хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна.
Мөрдөн шалгахад иргэн Ж нь 2026 оны гуравдугаар сарын 4-нд арилжааны банкнаас 30 сая төгрөг бэлнээр авч, сэтгүүлчид өгсөн. Мөнгө авсныхаа дараа тухайн сайт нь иргэний мэдээллийг устгасан.
Дээрх хэргүүдтэй холбоотойгоор өчигдөр прокурорын зөвшөөрлөөр тухайн сайтын оффист нэгжлэг хийх, нэр бүхий сэтгүүлчээс мэдүүлэг авах ажиллагааг зохион байгуулсан.
Харин ажлын байрандаа архидан согтуурсан, зүй бус үйлдэл гаргасан төрийн албан хаагчтай дээрх шалгалтын ажиллагаа хамааралгүй хэмээн мэдээлэв.
Үүний хариуд дээрх сайтын сэтгүүлч, редактор Л.Баяржаргал
"Эхний 50 сая төгрөг дээр манай сэтгүүлч нялх нойтон хүүхэдтэй, ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй. Энийг цагдаа яагаад нягтлаагүй юм. Мөрийтэй тоглоомчдоос 30 сая төгрөг авсан гэж байна. UbCab-д 30 сая төгрөг хийгээд над руу явуулсан юм байна. Тэр мөнгийг нь би аваагүй. Яг тэр мөнгийг хүлээж аваад, задлаад, онгойлгож байгааг нь нотлох хэрэгтэй. Эхний хэрэг биеэ үнэлэгчдийн гомдлоор үүсэн. 3 жил үргэлжилж байна. Тэр биеэ үнэлэгчдийг хэн ч шалгаагүй. Намайг л шалгаад байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх