Улс төрд юу л болоод эсвэл болох гээд байна даа. Энэ жилийн чуулган эхэлсэн цагаасаа хойш л хэрүүл, маргаантай байж УИХ-ын тамгын газар хэлэлцэж батлах ёстой хуулийн төслүүдээр дүүрчхээд сууж байна. Улс төрчдийн үндсэн ажлуудын нэг нь улс төржих ёстой байдаг ч нэгдүгээрт тавигдах нь ард түмний орчин нөхцөлийг сайжруулж байх хуулийн төслүүдийг хэлэлцэж батлах байдаг. Гэвч тэртээ тэргүй стресстэж ядаж байгаа биднийг нэмээд улс төрийн хэрүүл тэмцлийн мэдээллээр бөмбөгдөж хаврын синдром хөдөлгөсөөр. Өчигдөр л гэхэд УИХ-ын чуулган ирц нь хүрэхгүй улмаас хуралдаж чадалгүй хойшилсон. Ардчилсан намынхан УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх ёстой хэмээн үзэж байгаа. Учир нь эрх баригч намын дарга чөлөөт мэтгэлцээн явагдах ёстой парламентыг удирдах ёсгүй гэж. Ажлаа өгтөл нь чуулгандаа суухгүй гэчихсэн. Нөгөө айхтар МАН-ын хуваагдал дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед Ардчилсан нам айхтар улс төр хийж тэдний зодоон дундуур гуравдагч этгээд болон орж ирлээ. Энэ далимыг нь ашиглан Л.Оюун-Эрдэнэ ч улс төрөө хийж “Н.Учралыг ажлаа өгч Ерөнхий сайдаа хийх ёстой. Эсвэл Г.Занданшатар намын дарга болох хэрэгтэй” хэмээн Ардчилсан намынхантай ам нэгдэж Н.Учралтай барилцаад авав. Н.Учралтай ч гэж дээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй л үзээд байгаа хэрэг л дээ. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл Л.Оюун-Эрдэнийг Ардчилсан намтай одоогийн байдлаар нэг зүг рүү харах шалтгааныг нь өгсөн юм. Улс төр яг л ийм байдаг. Эрх ашиг л гэж бий. Түүнээс үүрдийн нөхөрлөл гэж үгүй. Хүзүү сээрээ холбож явсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр энэ үгийн хамгийн том жишээ. Уг нь саарал ордон дахь тэмцэл хэсэг намжиж хэрэгтэй хуулийн төслүүдээ урагшлуулах нь уу гэтэл Н.Учралын асуудал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хууль, Л.Оюун-Эрдэнийн хатгалт гэсэн сэдэв хаврын хавсаргатай хамт хийсээд ирэх нь тэр.
Ардчилсан нам, Л.Оюун-Эрдэнэ хоёр ганзага нийллээ...
Өчнөөн олон жил гэр орныг нь цэвэрлэж, хоол ундыг нь хийсэн Л.Оюун-Эрдэнийг хайртай ах нь нэг л өдөр гэрээсээ хөөж гаргаад хаалгаа тас хаачихсан. Өмссөн хувцас, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа гэх түүний айлд үйлчилж олсон хэдэн төгрөгийг нь хамт хуваалцдаг байсан нөхдөөс өөр юу ч үгүй үлдсэн Л.Оюун-Эрдэнэ хорсож уурласандаа ахынхаа хаалга, цонхыг нь нүдэж эхлэв. Яг үүнтэй зэрэгцээд 10 гаруй жил амар заяа үзээгүй хажуу айлын Ардчилсан намынхан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гэр рүү чулуу нүүлгэж асуудлыг дэвэргэлээ. Энэ хоёр үгсэн хуйвалдаж нэг цаг үед, нэг хүн рүү байгаа чиглүүлээгүй ч үндсэн зорилго нь нөгөө хүнийг дарж авах эсвэл айлгах учраас тэр нь нэгтгэв. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Ардчилсан намынхан угаас эсэргүүцэж байгаа. Энэ нь эргэн ирэлтээ зургаан цагийн ярилцлагаар зарлаж, гартаа ганц алхгүй ч самардаад ч болов байшинг чинь нурааж чадах зориг надад бий хэмээн ахыгаа сүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнэд том түшиг болох нь тэр. Хэрвээ энэ хуулийн төсөл батлагдах юм бол хамгийн түрүүнд улс төрөөс арчигдах хүмүүс нь Л.Оюун-Эрдэнэ ба түүний нөхөд. Амиараа эсэргүүцэж унагаах ёстой. Харин нөгөө талд Ардчилсан намынхан парламентын ардчилалд нөлөөлөх хэмжээний хууль учраас дэмжихгүй гэдгээ илэрхийлж аминаас наагуур шийдэгдэж болохоор нөхцөл байдлыг Л.Оюун-Эрдэнэд бий болгосон. Ардчилсан нам жижиг чулуу нүүлгэж байгаа ч хоёр том чулуугаа арай шидэж амжаагүй байгаа. Энэ хоёр том чулууг шидвэл танай байшин гарцаагүй хэмхэрч нурах нь ойлгомжтой гээд харуулан суугаа. Тэр хоёр нь гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн эсэргүүцэл, Н.Учралыг УИХ-ын даргаас буулгах. Яг энэ хоёр асуудал л Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан нам хоёрын замыг нэгтгэж нэг зүг рүү харуулсан. Хүчгүйдэж байсан Л.Оюун-Эрдэнэ хэсэг хугацаанд ч гэсэн Ардчилсан намын нөмрийг мэдэрч ахдаа сүр үзүүлэх нь. Ардчилсан нам, Л.Оюун-Эрдэнийн УИХ дахь кноп нийлчихвэл юуг ч унагах боломжтой болоод ирнэ л дээ.
Н.Учрал дарга маань юу бодож суудаг юм бол доо...
Н.Учрал анх намын дарга болохдоо Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна хэмээн ам гарч байлаа. МАН сонгуульд авч ороод ялсан намын даргаа Ерөнхий сайд болгодог уламжлалтай. Дүрэмдээ ч бичсэн, бичээгүй гэж их маргалддаг. Н.Учрал сонгууль үзээгүй намын дарга, Г.Занданшатар ч намын дарга биш Ерөнхий сайд. Бүр УИХ-ын гишүүн ч биш. Тийм учраас аль аль нь намынхаа уламжлал, тойруу утгатай дүрмийг зөрчиж байгаа. Анхны зураг нь 2027 он хүртэл Г.Занданшатарыг Ерөнхий сайд хийлгээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх. Харин Н.Учралыг УИХ-ын дарга хийлгэж байгаад Ерөнхий сайд болгох. Ийм төлөвлөгөө У.Хүрэлсүх гаргаж ногоон гэрлээр бүх зүйл бүтсэн хэмээн улс төрийн хүрээнийхэн таамагладаг. Гэвч Ардчилсан намынхан ангайгаад харж суулгүй тэдний төлөвлөгөөг нураах ажилдаа оржээ. Улсын мөнгөөр 2027 он хүртэл өөрийн пи араа хийх бодолтой Г.Занданшатарыг унагах. Ер нь бол УИХ-ын даргыг ажлаа өг гэж шахаж байгаа нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг ажилгүй болгох л зорилготой болов уу. Тэгж байж Ерөнхийлөгчийн сонгуульд сул орж ирэх биз. Магадгүй орж ирэх ч үгүй. Н.Учрал УИХ-ын даргаасаа буух юм бол гарцаагүй Ерөнхий сайд болно л гэж үзэх байх. Их дажгүй явж байгаа улс төрийн замналаа хэсэг хугацаанд хойш сууж үрэхгүй нь тодорхой. Ингээд Г.Занданшатарын Засгийн газар унаж тэрээр ажилгүй болно. Ардчилсан намын шаардлагын цаад зорилго ингэж биелэх байж магадгүй юм. Угаас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн нүдэн дээр нь улсын мөнгөөр пи араа хийгээд байхаар яаж тэсэх вэ дээ. Харин УИХ-ын даргаасаа буучихвал ахынхаа төлөвлөгөөг зөрчиж бас нэг ахыгаа ажилгүй болгох гээд байгаа Н.Учрал дарга маань юу бодож суудаг юм бол доо. Юу ч гэж бодох вэ дээ төлөвлөгөө яаж зурагдана, тушаал яаж ирнэ түүнийг л дагахаас хойш. МАН-ын ялсан тал хүндхэн нөхцөлд орох нь ч орчихлоо шүү.
Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нарын дажин...
Дайны талбарт гурван тал тулалдаж байх хойгуур хотын дарга Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан хоёр дажин хийж нийслэлийн намаа булаацалдаж байна. Нам, засаг, УИХ гээд бүх фронтоо авсан МАН-ын ялсан тал нийслэлийн намаа авах л үлдээд байгаа. Гэвч Х.Нямбаатар гэж хахир, хашир эр хаацайлж зогсчхоод хэнийг ч ойртуулдаггүй ээ. Э.Бат-Амгалан хашааны гаднаас “Х.Нямбаатар аа хаалга аа” хэмээн орилсоор л. Тэдний энэ тэмцэл бас үндсэн тулаан хаашаа эргэх эсэхийг шийдэх гээд байдаг. Урдаг нохой шиг яхир Х.Нямбаатарын эсрэг арай зөөлөн хүн тавьчихсан уу ч гэж харах шиг. Э.Бат-Амгалан нүүрэн дээрээ “би нийслэлийн намын дарга болох талаар юу ч яриагүй, тийм юм байхгүй” гэж байгаа болов ч “Нийслэлийн намыг очоод хулгайлаад ирээ” гэх тушаал авсан цэрэг гэдэг нь ил байгаа. Х.Нямбаатар руу шидэж байгаа чулуунуудыг харахад л ойлгомжтой. Мань хотын дарга харин технологи сайтай юм болохоор өөрийгөө шатааж бариад Э.Бат-Амгаланг хөөрхөн шоглохтойгоо. Нийслэлийн намаа алдчих юм бол Л.Оюун-Эрдэнэ утгаараа гартаа зэвсэггүй болно. Нөгөөдүүлийнхээ эсрэг нэг удаа тэслэх гранат нь тэр юм чинь. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн намаа авахгүйгээр орно гэдэг байж боломгүй алхам учраас нийслэлийн намын даргын тэмцэл улам л ширүүсэх нь тодорхой.
Энэ мэт улс төрийн тэмцэл дуусахгүй явсаар сүүлдээ парламент нь ч хуралдаж чадахгүй нөхцөл байдал руу оров. Асуудал хэзээ ч дуусдаггүй гэдэг шиг тэдний улс төржилт хэзээ ч дуусахгүй нь дээ. Ард нь ард түмэн бид л хохирч арчаагүй амьдралтайгаа алалцсаар. Өөрсдийн эрх ашгийн төлөө зүүд нойрондоо ч тэмцэлдэж байгаа эрх баригч МАН-ыг Төрийн минь сүлд өршөөг.
Сэтгэгдэл үлдээх