Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит зарим компаниудын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, “Эрчист Монгол” нэгдлийг татан буулгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө.
Тус нэгдэл нь 2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд уул уурхайн бус төрийн өмчит компаниудын менежментийг нэгтгэн хариуцах зорилготой байв. Өмнө нь уул уурхайн салбарын компаниудыг нэгтгэсэн Эрдэнэс Монгол ажиллаж байсан бол үлдсэн салбарын ТӨК-уудыг нэг бүтэц дор төвлөрүүлэхээр “Эрчист Монгол”-ыг байгуулсан юм.
Анх 43 төрийн өмчит компанийг нэгтгэхээр төлөвлөсөн ч хэрэгжилт хангалтгүй, зарим яам, байгууллагууд өөрийн харьяа компаниудыг бүрэн шилжүүлээгүйгээс нэгдлийн бүтэц бүрэн бүрдээгүй байна. Үүний улмаас үйл ажиллагаа доголдож, менежментийн давхардал үүссэн гэж Засгийн газар үзжээ.
Мөн санхүүжилтийн тодорхой эх үүсвэргүй байсан нь хүндрэл дагуулсан байна. Төлөвлөснөөр нэгдэл нь харьяа компаниудаас менежментийн үйлчилгээний төлбөр болгон орлогын 1 хүртэл хувийг төвлөрүүлэх ёстой байсан ч энэ механизм бүрэн хэрэгжээгүй аж.
Улмаар үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд банкны зээлд тулгуурласан бөгөөд татан буулгах үед 3.7 тэрбум төгрөгийн өртэй болсон байна.
Түүнчлэн эрчим хүчний салбарын компаниудын харьяалалтай холбоотой маргаан гарч, зарим хувьцааг салбарын яам руу буцаан шилжүүлсэн нь нэгдлийн тогтвортой байдлыг алдагдуулсан гэж үзжээ.
Засгийн газрын зүгээс нэгдлийг татан буулгахдаа дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:
Татан буулгах комисс байгуулж, өр төлбөрийг барагдуулах
Ажилтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгож чөлөөлөх
Үлдэгдэл өрийг холбогдох ТӨК-уудад хуваарилан шийдвэрлэх
Мөн ойрын хугацаанд төрийн өмчит компаниудын реформыг үргэлжлүүлэх, зарим ТӨК-ийг хувьчлах, олон нийтийн компани болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд зарим томоохон ТӨК-уудыг IPO гаргах, үе шаттайгаар нээлттэй болгох бодлого баримталж байгаа бөгөөд үүнд МИАТ зэрэг компаниуд багтаж байгаа хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх