Гадаадад ажиллуулна хэмээн долоон эмэгтэйг худалдаалсан гэмт хэрэгт хорих ял оноолоо

Ц.Чимэдцэеэ
2026-03-20

Х.Н нь 2020 онд нэр бүхий 7 эмэгтэйг гадаад улсад өндөр цалинтай ажилд ажиллуулна гэж хуурч мэхлэн эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан гадаад улсад аваачиж, нисэх онгоцны тасалбар, байрны төлбөр, хувцас худалдан авсан зардал зэргээр нь өрийн дарамтад оруулж, бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалжээ.

Тус хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэн 5 жил, 6 сарын хугацаатай хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн Х.Н-г Интерполоор гадаад улсад эрэн сурвалжилж, Казакстан  Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирсан зардалд 11 сая төгрөгийг түүнээс гаргуулж, цагдаагийн байгууллагад олгохоор болжээ.  

Эрүүгийн хуульд тодорхойлсноор “хүн худалдаалах” гэдэг нь “Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлэх, тээвэрлэх, орогнуулах, дамжуулах, хүлээн авах үйлдлийг хэлнэ.

Прокурорын байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өвлөмжийг хүргэж байна.

Гадаад улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Очих газрынхаа хаяг, холбоо барих утасны дугаарыг мэдэж, явахаасаа өмнө тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт хандах, цахим мэдээллийн сайтаас албан ёсны мэдээлэлтэй танилцаж, судлах;
  • Гадаадад байгаа ажил олгогчтойгоо холбогдож ажлын нөхцөл, хөдөлмөрийн хөлсний талаар баталгаажуулах;
  • Аяллыг зохион байгуулж буй компани нь хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг эсэхийг зохих төрийн байгууллагаас тодруулах;
  • Ажлын гэрээтэйгээ сайтар танилцаж, гэрээнд гарын үсэг зурах эсэхээ шийдэх;
  • Гэр бүл, найз нөхдөдөө хамт явах хүмүүс болон очих газрынхаа нэр, хаяг, холбоо барих утасны дугаарыг үлдээх.

Хүний наймааны хохирогч болсноо хэрхэн мэдэх вэ?

  • Бичиг баримтаа бусдад өгснөөс болж хүссэн үедээ чөлөөтэй гадуур явах боломжгүй болсон;
  • Ажил олгогч зарцуулсан зардлаа нөхөн авах нэрээр цалин хөлсгүй болон хэт бага цалингаар, урт цагаар ажиллуулж өрийн дарамтад оруулсан;
  • Бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд орсон;
  • Виз, бичиг баримтын зөрчил зэргийг далимдуулан сэтгэл зүйн дарамтад оруулсан;
  • Бусад хүний байнгын хараа хяналтад байх, тусгаарлагдсан, хүмүүстэй уулзах, утсаар ярих боломжгүй болсон.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe