Ерөнхийлөгчийн өөрийнх нь топ 3 ёс зүйгүй үйлдэл

Н.Саруулдөл
2026-03-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг болоод байна. Ялангуяа өөрөө ёс зүйгүй хүн бусдаас ёс зүй нэхэж болох уу гэх асуулт нийгэмд зүй ёсоор тавигдана. Учир нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрийн карьер тийм ч ёс зүйтэй замаар өсөөгүй. Тэгвэл түүний топ 3 ёс зүйгүй үйлдлийг эргэн санацгаая. 

  1. Төрийн ордонд хүн зодов

2012 оны наймдугаар сард У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханыг чуулганы танхимын үүдний хэсэгт зодож байсан удаатай. Тухайн үед МАН сонгуулиар ялагдаж, сөрөг хүчин болсон байсан бөгөөд УИХ-д бүлэг байгуулах асуудал яригдаж байсан. Уг асуудал дорвитой шийдэлд хүрэхгүй байсан нь зарим гишүүдийг бухимдуулсан байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдгийн адил эхлээд Г.Баярсайхан гишүүн чамайг шоронд хийнэ гэхчлэн хэлж, салаавч хүртэл гаргасан. Ингээд У.Хүрэлсүх нүүр тулан уулзахдаа, цохиод авсан билээ.

Энэ талаар тухайн үед У.Хүрэлсүх “Г.Баярсайхан эхэлж намайг заамдаж, цамцны товч тасалсан. Би заамдуулаад боолгоод байх нь хаашаа юм. Хариу арга хэмжээ авсан” хэмээн тайлбарлаж байлаа. 

Г.Баярсайханыг зодсоны дараа мөн Ж.Сүхбаатарыг зодсон гэх мэдээлэл гарч байсан. Энэ талаар Ж.Сүхбаатар “У.Хүрэлсүхийн ар гэрт гачигдал зовлон тохиолдсон байхад надтай ноцолдоод явж байх уу, үгүй шүү дээ. Худал мэдээлэл” хэмээн хэлж байсан удаатай. 

  1. Суудлаасаа буусан мэт жүжиглэж, Ерөнхийлөгч болов

Ковид-19 цар тахал дэгдсэн үед Өргөө амаржих газраас дөнгөж төрсөн эхийг тавчигтай нь гаргаж, зөөвөрлөсөн гэдэг асуудал олон нийтийн уур бухимдлыг төрүүлсэн. Улмаар олон нийтийг хамарсан жагсаал болж, уг асуудалд У.Хүрэлсүх хариуцлага хүлээн Ерөнхий сайдаасаа огцорсон билээ. Ингээд удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж, ялалт байгуулсан. 

Олон улсын жишгээр бол хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгсөн улс төрч дахин улс төрд гарч ирдэггүй. Тэр үнэхээр ёс зүйтэй хүн байсан бол энэ үед л чимээгүй цааш явах байсан. Гэвч тийм зүйл болоогүй учир тэр улс төрд байсаар байна. 

  1. Төрийн албанд төрөл садангуудаа оруулав

У.Хүрэлсүхийн хамаатнууд төрийн албыг дүүргэж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байжээ. Бидний хамгийн сайн мэдэх нь түүний дүү У.Отгонбаяр. Тэрээр 2024 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний хувьд өмнө нь Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга хийж байгаад албан тушаалаа сайн дураар өгсөн. Тухайн үед “Ах нь Ерөнхийлөгч болчхоод чамайг гишүүн болгоно” гэж хэлсэн гэж яригддаг. 

Үүгээр зогсохгүй У.Отгонбаяр нь БЗС-аас 32 мянган ам.долларын зээл авч, Австралид суралцсан. Шуугиан гарах үед зээлээ эргэн төлсөн. 

Төрсөн ах У.Ганболдын том хүү Г.Гантулга нь Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хийж байсан талаар ergelt.mn сайт мэдээлсэн байдаг. Түүнчлэн тэдний мэдээлснээр Г.Гантулгын дүү Г.Гандөл нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын дарга болсон байна. 

Эдгээр асуудалд У.Хүрэлсүх нэг ч удаа тайлбар хийж байгаагүй юм.

Ингээд бид Ерөнхийлөгчийн топ 3 ёс зүйгүй үйлдэлтэй танилцлаа. Гэвч нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр өмнө нь ёс зүйгүй үйлдэл гаргасан ч гэлээ гээд одоо ёс зүй ярьж болохгүй, гишүүдийн ёс зүйг сайжруулахад шийдэл санаачилж болохгүй гэсэн үг биш. Хүн үргэлж суралцаж, сургамж авч амьдардаг гэдгийг санах нь зүй биз ээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe