П.Хишигбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар намайг дээрэмдсэн нь үнэн

.Graph
2026-03-23

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний дүү Б.Баатар нар “Гэрэгэ” Тауэрын 14 давхарыг бизнес эрхлэгчээс дээрэмдсэн гэх мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр олон нийтэд өгч байсан билээ.

Энэ асуудлаар Б.Баатар болон Л.Оюун-Эрдэнэ нар хариу мэдэгдэл хийж дээрэмдэж авсан зүйл байхгүй бүх зүйл хууль ёсны дагуу явагдаж худалдаж авсан хэмээн ярьсан. Тэгвэл “Гэрэгэ” тауэрын 14 давхарыг эзэмшигч П.Хишигбаяр гэх хүн өнөөдөр мэдэгдэл хийж өөрийнх нь эзэмшлийг дээрэмдсэн нь үнэн хэмээн ярилаа.

П.Хишигбаяр:

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр миний болон манай гэр бүлийн зөвшөөрөлгүй олон нийтэд бидний нэрийг дурдсан. Үүнтэй холбоотой би мэдэгдлийг хийж байна. Болсон үйл явдлын талаар товчхон ярихад анх 2021 оны 11 сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани шилжүүлж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид 1 сая ам.доллароор худалдах гэрээ хийн оруулж байсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ямар ч төлбөр хийлгүй сууж явсан. Тэр хугацаанд нь төлбөр мөнгөө хийхийг олон удаа шаардаж, холбогдох бичгийг хүртэл удаа дараа өгч байлаа. Энэ бүхэн баримттай бас гэрчтэй. Жишээлбэл нэг удаа Баянгол зочид буудлын нэг давхрын фитнес зааланд Б.Баатартай төлбөрийн талаар очиж уулзах үед намайг “ална шүү бацаан минь, аятайхан байгаарай” гэж заналхийлж байсан. Үндсэндээ энэ хүмүүс эрх мэдлээрээ бусдыг айлгаж ирсэн хүмүүс юм байна гэдгийг би ойлгосон. 2025 оны нэгдүгээр сард надад хэрэг тохож 19 хоног цагдан хориулж 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ямар ч мөнгө төлөөгүй. Би тухайн үед энэ бол дээрэм гэдгийг нь хэлэх үед ичсэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай компанийн данс руу хийсэн байсан. Энэ асуудлаас болж намайг барьцаалж, чимээгүй байлгах гэж маш олон аргаар үзсэн. Тэр үндсэн арга нь гэр бүлийг нь барьцаалах. Үүний нэг тод жишээ нь Т.Дүүрэнг цагдаж хоригдсоны дараа түүний эхнэрийг барьцаалж танхимын сонгуультай Л.Оюун-Эрдэнэ ямар ч холбоогүй гэж бичлэг хийлгэж олон нийтэд цацаж байсан. О.Амартүвшингийн хувьд ч гэсэн ялгаа байхгүй тухайн үедээ бичлэг хийлгэж олон нийтэд цацуулж байсан. Сүүлд “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг 15 давхартай хольж бичлэг хийлгэн цацаж байна лээ. Манай эхнэрт ч гэсэн зохиомол хэрэг үүсэж байсан. Энэ хугацаанд биднийг АТГ, ТЕГ, Эрүүгийн цагдаа, татвар, прокурор, шат шатны шүүхээр чирлээ. Хонгил гээч зүйлээр чирэгдэж үзлээ. Монгол Улсад 15 жил хувь хүнийхээ хувьд бизнес хийгээд олсон хөрөнгийг минийх юм уу хэн нэгэн даргынх юм уу гэдгийг ойлгохоо байх хүртлээ чирэгдлээ. Энэ “Гэрэгэ” Тауэрын 14 давхар бол залуус бизнес эрхэлж болох юм уу үгүй юм уу гэдгийг харуулсан тод жишээ гэж би бодож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ч гэсэн үүнийг дээрэм гэдгийг зарлалаа. Энэ асуудлын хүрээнд Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар гэх мэт хүмүүстэй уулзахад бэлэн байна. Энэ асуудлыг эцэслэх ёстой гэж би бодож байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe