3-р сарын 20-ны Дэлхийн хүүхдийн театрын өдөр болон 3-р сарын 21-ний Дэлхийн хүүхэлдэйчдийн баярын өдрийг тохиолдуулан “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦӨӨР ХАМТДАА” уриан дор олон нийтэд нээлттэй “Театр амилуулах алхалт” арга хэмжээг АССИТЕЖ Монгол НҮТББ-аас санаачлан театр урлагийн байгууллагууд, эцэг эх, хүүхдүүд, уран бүтээлчид, хүүхдийн төлөө байгууллагуудтай хамт амжилттай зохион байгууллаа.
Оролцсон байгууллагууд:
● Соёл, Спорт, Аялал Жуучлал, Залуучуудын яам
● Монгол Улсын Хүүхэлдэйн театр
● Улсын Хүүхэд Залуучуудын театр
● Бамбүү Театр
● Pro Театр
● Рома театр
● Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театр
● Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын театр
● Улаан Загалмайн Нийгэмлэг
● Дауны Холбоо
● Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ
Элч төлөөлөгчид:
● Ууганбаяр хөтлөгч, жүжигчин
● Аззаяа, мисс, жүжигчин
● Хулан, social influencer
Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайгаас Хүүхэлдэйн театр руу алхсан энэхүү парад алхалт нь театрын ач холбогдлыг таниулах нөлөөллийн арга хэмжээ байснаас гадна хүүхэд залуучуудын урлагаар дамжуулан суралцах, өөрийнхөө дуу хоолойг өргөх, оролцох эрхийг олон нийтэд таниулах зорилготой байлаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн дотоод ертөнцийг ойлгох, тэдний дуу хоолойг сонсох, урлагаар дамжуулан нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Судалгаа, туршлагаас харахад хүүхэд баяр баясгалантай, мэдрэмжээ аюулгүй илэрхийлж чаддаг орчинд өсөх нь тэдний сэтгэл зүй, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Харин ийм орчныг бүрдүүлэхэд театрын урлаг онцгой үүрэг гүйцэтгэдэг билээ.
“Хүүхэд баяр жаргалтай байхад эцэг эх ч аз жаргалтай байдаг”
Энэ үнэ цэнийг түгээхэд чиглэсэн уг алхалт, нөлөөллийн ажил нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийн эрхийг өдөр тутмын амьдралд бодитоор хэрэгжүүлэхийг уриалж байна.
Энэхүү Дэлхийн хүүхдийн театрын өдрийг тэмдэглэн АССИТЕЖ Монгол дараах үйл ажиллагаануудыг явууллаа:
● Хүүхдийн оролцоонд суурилсан Бамбүү театрын “Үлгэр амилах цаг” тоглолтыг Улаанбаатар хотын 4 дүүргийн 8 газар үнэ төлбөргүй толилууллаа. Өнөр бүл асрамжийн газар, Ид шидийн орон, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн сэргээн засах төв, Гэр өргөө олон нийтийн төв, Magic Box Дэнжийн мянгат салбар, Adventure Zone Шангри Ла төв гэх хүүхдийн төлөөлөл болсон олон байршилд хүүхдүүдийг тайз театрын үзвэрт үзэгч хүүхдүүд өөрсдөө үлгэрийн баатрууд болж оролцон аз жаргалтай өнгөрөөлөө.
● Энэ өдөр Монголын хүүхэд залуучуудад зориулсан тайз театрын урлагийг хөдөө, алслагдсан бүс нутагт хүртээмжтэй болгох зорилготой Wanderlust Mongolia олон улсын нүүдлийн театрын фестиваль 2026 оны 4 дүгээр сарын 14–25-ны өдрүүдэд Монгол Улсын Булган аймгийн 16 сум, Орхон аймгийн 2 суманд 11 хоногийн турш зохион байгуулагдах талаар танилцуулга хийж олон нийтэд таниуллаа.
● Хүүхэлдэйн театрын гадаа хайрцагт театрын уран бүтээлүүд тоглогдож, хог хаягдлыг дахин ашиглан хүүхдүүдээр гар урлал хийлгэн нэгэн өдрийн дурсамж дүүрэн өнгөрөөлөө.
Мөн Дэлхийн хүүхэд залуучуудын театрын энэ өдрийг дэлхийн булан бүрт “Хүүхдийн эрхийг тайзнаа: Өнөөдөр болон өдөр бүр” (#TodayEveryday) гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг ᠌᠌”хүүхдээ театр руу дагуулж яваарай” гэж уриалж, хүүхдийн урлагийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, уран бүтээлээ толилуулж өнгөрөөлөө.
"Wanderlust" фестивалийн ерөнхий хуваарь
2026 оны 4 сарын 11 - Олон улсын уран бүтээлчид ирэх
2026 оны 4 сарын 12 - Соёлын яамтай хамтарсан Улаанбаатар хот дахь хэлэлцүүлэг, уулзалт зөвлөгөөн
2026 оны 4 сарын 14 - Фестивалийн нээлт, Эрдэнэт хот
2026 оны 4 сарын 14 - 19 Орхон аймаг дахь нүүдлийн театрын тоглолтууд
2026 оны 4 сарын 20 - 24 Булган аймаг дахь нүүдлийн театрын тоглолтууд
2026 оны 4 сарын 25 - Фестивалийн хаалт, Эрдэнэт хот
2026 оны 4 сарын 27 - Олон улсын уран бүтээлчид буцах
Сэтгэгдэл үлдээх