Намрын айхтар том хуваагдлаас эхлэлтэй МАН-ын талцал хавар хүртэл үргэлжлэв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаснаас хойш олон нийтэд ил гарсан гэж тооцвол үндсэндээ 10 гаруй сар үргэлжилж байна. Гэхдээ анги болгон дээр нь сонирхол татахуйц дүр, үйл явдал гардаг олон ангит кино шиг дүрүүд нь солигдсоор... Хов жив, хэрүүл тэмцэлд дуртай ард түмнээ харин ч нэг уйдаахгүй байгаа юм. Гэвч үүний цаана улсын эрх ашиг орхигдож, ард түмний амьдрал улам доройтох тийшээгээ чиглэж байгааг бид харин мартаж болохгүй. Тэд бол угаас ойлгохгүй улсын эрх ашгийг адаг сүүлд нь тавьж зөвхөн өөрсдийн эрх ашиг нэгт гэсээр ирсэн. Энэ удаагийн ангид тэмцлийн дүр солигдож Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр болон гарч ирлээ. Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Бодь” группээс 1.3 сая ам.долларын авлига авсан гэдэг нотлох баримтуудыг АТГ-т өнөөдөр хүргүүлсэн. Ингээд араас нь Б.Энхбаяр сайд ордонд хэвлэлийн хурал хийж Л.Оюун-Эрдэнийг сэтгэцийн өвчтэйгөөр нь дуудсанаар үргэлжлэв.
Хүн өөрийг нь боох үед л боолгох ямар байдаг вэ гэдгийг ойлгодог...
Б.Энхбаяр намрын хуваагдлын үеэр Д.Амарбаясгаланг хүн амины хэрэгтэн, авлига авсан, албан тушаалын давуу байдлаа ашиглан бусдад нөлөөлсөн гэх мэт олон хэрэг үйлдсэн хэмээн шууд бусаар ялласан. Өнөөдрийг болтол түүний ярьсан хэргүүдээс нэг нь ч нотлогдоод Д.Амарбаясгалан шүүхээр ороод ял авсан зүйл байхгүй. Тухайн хэрэг нь үү эсвэл өөр хэрэг үү ямар ч байсан тодорхойгүй, хэрэг нь шалгалтын явцдаа үргэлжилж Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьсан байдалтай л байгаа. Тухайн үедээ Д.Амарбаясгалан гэх хүнийг өрсөлдөөнөөс хасаж нухчин дарахын тулд л гүтгэж мэдээлэл хийж байгаа мэт харагдаж байлаа. Тэгвэл өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг 1.3 сая ам.долларын авлига авсан гэх асуудлыг дэлгэх үед намайг гүтгэж байна гэх хэдхэн сарын өмнө Д.Амарбаясгалан Б.Энхбаярт хандан хэлж байсан үг өнөөдөр Б.Энхбаярын өөрийнх нь амнаас гарав. Д.Амарбаясгаланг буланд шахан боож байх үедээ боолгох ямар байдаг вэ гэдгийг мэдрээгүй байж. Боох ямар байдаг вэ гэдэг мэдрэмжийг л ханатлаа авч байсан юм уу даа. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ түүнийг боох үед харин боолгох үед ямар мэдрэмж авдаг гэдгийг мэдэрсэн бололтой. Намайг гүтгэсэн гэдэг үг хамгийн түрүүнд түүний амнаас уналаа. Өнөөдөр хийсэн хэвлэлийн хурал дээр хэт их шатсан дүр нь үүнийг илтгэнэ.
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр хоёр хэн нь хэнийгээ гэх вэ дээ...
Эрх баригчдын энэ аймшигт зөрчил албан тушаал, эрх ашгийн төлөө улс төрчид яаж ам, зам зөрж болдог гэдгийг улс даяар нээлттэй индэр дээрээс харуулж байгаа. Б.Энхбаяр Засгийн газрын танхимд эргэж орохын тулд нэгэн цагийн журмын нөхөр Д.Амарбаясгаланг хэвлэлээр дүүжилсэн бол Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа хийх тэмцэлдээ барьцаа ахиулахын тулд илднийх нь ир болж явсан Б.Энхбаярыг дүүжлэх гэж байна.
Улс төр ийм л муухай. Л.Оюун-Эрдэнэ улс төрөөс зүгээр ч нэг явахгүй нь дээ. Хийсэн гэм байгаа болоод тэр юм уу хэт их эрх мэдлээс хамааралтай болсон нь энэ ч юм уу. Ямартай ч өндрөөс огцом унасан эр буцаж мацахын тулд хэнийг ч хамаагүй гишгэлэхэд бэлэн байгаа дүр. Хэрвээ Б.Энхбаярын талаар худал ярьсан бол хуулийн хариуцлага хүлээнэ. Үнэн бол, хуулийн байгууллага нь шударга ажилладаг бол удахгүй нотолгоо нь Б.Энхбаярын толгой дээр ял болон бууна. Гэхдээ энэ хоёр хэн нь хэнийгээ гэх вэ дээ. Хоёулаа л асуудалтай, эрх ашгийн төлөө улайрч яваа хүмүүс. Хэн нь арьсаа хамгаалж үлдэх вэ л гэдэг сонин. Бусдаар бид аль нь үнэн яриад аль нь худал яриад байгааг голыг нь олсон мэт мэдэхгүй. Мэдэх ч үгүй өнгөрнө. Цаг хугацаа явсаар МАН дотроо учраа олчихвол хэн нь ч буруугүй болоод гараад ирж мэдэх л цаг. Тийм учраас иргэд бид хэн нэгийнх нь үгэнд хэт итгэж нэг талд нь авталгүй дотроо бодолтой дороо суурьтай байж өрнөж байгаа үйл явцын цаад учрыг ойлгох нь чухал. Тэдний тэмцэлд хохирогч нь бид байх ёсгүй. Хохирох ёстой бол эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа МАН өөрсдөө л хохирох ёстой. Тэр дүнг нь 2028 онд бид тавих учиртай.
Сэтгэгдэл үлдээх