Өмнөговийн Тавантолгойн бүлэг ордын "Бортээг"-ийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил идэвхжиж байна.
Тус ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд төслийг танилцуулж, нээлттэй санал авсны үр дүнд нийт 7 аж ахуйн нэгжийн бүрэлдэхүүнтэй консорциум саналаа ирүүлжээ.
Засгийн газраас эдгээр аж ахуйн нэгжүүдийг санхүү, эдийн засгийн өгөөж, ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө зэрэг олон шалгуураар харьцуулан судалж, сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн. Шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийх ажлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгоод байсан билээ.
Ташрамд дурдахад, Тавантолгойн бүлэг орд нь коксжих нүүрсний стратегийн ач холбогдол бүхий томоохон орд бөгөөд Тавантолгой, Цанхи (зүүн, баруун), Ухаа худаг, Бортээг, Сэрээт, Баянгол гэсэн 6 хэсгээс бүрддэг.
Сэтгэгдэл үлдээх