Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муурын тоо өсч байгаатай холбоотой арга хэмжээ авч байна

Ц.Чимэдцэеэ
2026-03-24

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас эзэнгүй нохой, муурын тоо өсч байгаагийн гол шалтгаан нь гэр хорооллын айлуудын тэжээвэр амьтдыг хашаандаа өсгөж, үржүүлж, дараа нь гөлөг нь гудамжинд төөрөх, мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас айлууд нүүж, нохой муур үлддэгтэй холбоотой талаар мэдээллээ.

2025 онд Улаанбаатар хотын эзэнгүй нохой, муур асрах төвийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд хуучин “Хар үнэгний үйлдвэр”-ийн байранд ашиглалтад оруулсан байна. Иргэдийн хүсэлтээр тэжээх боломжгүй нохой, муурыг уг төвд хүлээн авч, эмчийн үзлэг, үржлийн хязгаарлалтын мэс заслын үйлчилгээ үзүүлдэг.

Хотын удирдлага иргэдэд тэжээвэр амьтдаа хариуцлагатай эзэнтэй байхыг уриалж, шаардлагатай тохиолдолд асрамжийн төвд өгөх, гудамжинд үлдээхгүй байхыг анхааруулж байна. Мөн Богд уулын зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохдын тоо байх тул мэргэжлийн анчидтай хамтран улиралд тодорхой арга хэмжээ авч, хүн болон амьтны аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэв.

Энэ арга хэмжээ нь хотын иргэд, тэжээвэр амьтдын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд иргэд хариуцлагатай эзэн байх нь гол үүрэг болохыг онцолж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe