Бодь группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголд ойрын хэд хоног болсон үйл явдлыг харж байгаа байх. Таны нэрийг олон улс төрч барьж, мэдээлэл хийлээ. Хэвлэл мэдээллийн байгууллага бол аль аль талын байр суурийг хүргэж байна. Таны талаар олон зүйл яригдаж байгаагийн нэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Анхны төсөвт өртөг нь 600 сая ам.доллар байсан төсөвт өртөг яагаад 1.3 тэрбум ам.доллар болсон юм бэ?
-Би ярих бүх зүйлээ цаасаар батална, бүгд баримттай. Төсөвт өртөг ингэж нэмэгдсэн зүйл байхгүй. Хэрэв ингэж нэмэгдсэн юм бол тухайн үед Ерөнхий сайд хийж байсан Л.Оюун-Эрдэнэ тэрийгээ батлах хэрэгтэй. Энэ төслийг бид 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр нь 2019-2022 оны хооронд яг цаг хугацаанд нь хийж дуусгасан. Ингэхдээ төсөвт өртгийг нэг ам.доллараар ч нэмээгүй гэдгийг хариуцлагатай хэлье.
Анх бидэнтэй гэрээ байгуулахад 792 сая ам.доллар байсан юм. Бид энэ төсвөөр нь цаг хугацаанд нь хийж дууссан. Дараа нь бидэнд нэмж ажил өгсөн ч төсөв нэмж өгөөгүй. Нэмж өгсөн ажил нь 213 сая ам.долларын өртөгтэй. Үүнийг ч бид мөн хугацаанд нь дуусгаж, төмөр замаа Монгол Улсын Засгийн газарт нэр хүндтэйгээр, улсын комиссын онц сайн дүнтэйгээр, яг цаг хугацаанд нь хүлээлгэж өгсөн.
-Бодь групп 1.3 сая ам.долларыг авлига болгож Б.Энхбаяр буюу ХЗДХ-ийн сайдад өгсөн гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Эхлээд 500 мянган ам.долларыг, дараа нь 800 мянган ам.долларыг бэлнээр өгсөн гэсэн. Ийм авлигын асуудал байгаа юу?
-Тэрийгээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өөрөө нотлох хэрэгтэй. Би Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй. Амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь би ямар нэг хүнээр болон элдэв хангайн юмаар дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээгүй. Ерөөсөө тийм бодол ч байгаагүй. Тэр 2022 онд билүү дээ, нүүрсний сонсгол хийсэн. Тэр үеэр би яг оч гэсэн газар нь очсон, асуусан бүх асуултад нь хариулсан. Сонсгол бүтэн өдөр үргэлжилсэн. Тэр сонсголын бичлэг одоо ч байгаа байх. Тэр сонсголоос ч өмнө, дараа нь ч тэр Б.Энхбаяр гэж хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэдгээ хэлмээр байна. Тэгэхээр тийм юм болоогүй.
-Та сая төсөвт өртөг нэмэгдээгүй, ажил нэмж өгсөн гэж хэллээ. Ямар ажил нэмж өгөөд 1.3 тэрбум ам.доллар болчхов?
-1.3 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Энэ төмөр замын ажилд биднийг ажилд авахаас өмнө ойролцоогоор 278 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар зарцуулчихсан байсан. Бид нартай ямар ч хамаагүй гэсэн үг. Харин бидэнтэй байгуулсан гэрээ бол 792 сая ам.доллар. Ингээд ажил дуусахад нэмж ажил өгсөн. Энэ ажил нь одоо яригдаад байгаа Гашуунсухайт-Ганцмод хил хүрэх төмөр зам, өртөө, зөрлөг, зүтгүүр эргэх хэсэг, дохиолол холбоо, эрчим хүч зэргийн ажил байсан. Энэ төсвийг Зам тээврийн яамны Хөгжлийн төв өөрөө үзээд зургийг нь зураад батлаад, магадлангаар оруулаад баталсан. Төсөв хэдээр батлагдах вэ, хэн батлах вэ гэдгийг бид мэдэхгүй. Гүйцэтгэгч учраас гүйцэтгэлийн ажлыг л хийсэн.
-Дахиад нягтлаад асууя. 278 сая ам.доллар бол өмнө нь гарчихсан байсан мөнгө. Араас нь Бодь групп 792 сая ам.доллараар төсөл гүйцэтгэсэн. Нэмэлт ажил нь 213 сая ам.доллар болсон. Ингээд 1.1 тэрбум ам.доллар болж харагдаж байна, зөв үү?
-Тийм ээ. Энэ хоёр гэрээг нийлүүлээд, 1 тэрбум 5 сая ам.долларын гэрээ болсон. Гэхдээ яг хийсэн ажил нь 997 сая ам.долларын ажил хийгээд, үлдсэн ажлыг нь хийгээгүй тооцоо дууссан. Өмнөх ажил бол бидэнд хамаа байхгүй. Овоолго, шороо гэх мэт зүйлс бий. 2008 оноос хойш 2019 он хүртэл хийгдсэн ажлын төсөв гэсэн үг. Түүнийг зарим хүн санаатай, санаандгүйгээр манай ажил юм шиг хольж сольж байгаа юм.
-Нүүрсний сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Голомт банкийг материалаа ирүүлж, дансны хуулгаа өгөхийг шаардсан. Гэтэл орой өгөөд бид үүр цайтал тэр материал дээр ажилласан. Ингээд боломжит хэмжээндээ сонсголд бэлдэж орсон. Дайчлах ажиллагаа явуулаад, нэгжлэг хийвэл банкны хадгаламж эзэмшигчид нь хамаг мөнгөө татаад эрсдэлд орчих вий дээ гэсэн үүднээс өөрсдөө ирүүлтэл нь хүлээсэн гэж ярьж байсан. Та тэр үед эс үйлдэхүй гаргаад, бичиг цаасаа өгөхгүй байсан юм уу?
-Бид нүүрсний сонсголд гурван сар гаруй бэлдсэн. Шаардсан баримт материалыг нь цаг тухайд нь гаргаж өгч байсан. Хамгийн гол нь тэр олон материалыг авчхаад анализ хийх чадваргүй байсан юм болов уу гэж би дүгнэдэг.
-Оффтейк гэрээг ил болгосон. Үүнээс харвал, нүүрсийг тухайн үеийн ханшаас 60-80 ам.доллараар бага үнээр гэрээ хийсэн байсан. Тухайн үед цар тахалтай холбоотой бүх юмны үнэ өсөж байсан үе таарсан байх. Сонсголын үеэр зэрэгцүүлсэн үнэ тавьсан нь хэр бодитой байсан юм бэ?
-Бид нүүрсний биш инженерийн компани. Нүүрсний үнийг бид биш худалдан авч байгаа тал тогтоож байгаа. Тэр нүүрсний үнийг хэн тогтоож байна уу гэхээр Монгол Улсын нүүрсийг худалдаж авдаг дөрвөн том компанийн худалдаж авах үнээр тогтоогоод тэр дундаа Чалкотой хамгийн түрүүнд үнээ тохирдог. Ингээд тэндээсээ ургуулж бусад худалдан авагчтай үнээ тохирдог. Тэгэхээр манай үнэ ингэж тогтсон үнээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, манайх хэзээ ч Чалкогоос хямдхан нүүрс авч байгаагүй. Дандаа Чалкогоос үнэтэй нүүрс авдаг байсан. Мөн бид авахдаа тэр өгсөн үнийг нь шууд цаашаа нүүрсний худалдан авагчдад шилжүүлдэг байсан. Бид нүүрсний наймаанд оролцдоггүй, зүгээр л гэрээг нь шилжүүлдэг гэсэн үг. Нүүрсний үнэ 130 ам.доллар байж байгаад 60, 80 ам.доллар болсон, зөрүү гарсан гэдэг нь Чалкогийн үнэ дээр тулгуурлах ёстой. Хэрвээ бид Чалкогоос бага үнээр авсан бол асуудал болно.
-Нүүрсэн дээр хоёр төсөл яригдаж байгаа. Нэг нь Тавантолгой, нөгөө нь Богдхан төмөр зам. Нийт үнийн дүнгээр 45 сая тонн нүүрсийг энэ хоёр төслийн хүрээнд бартердаж гаргаад оронд нь бүтээн байгуулалт хийсэн гэж ойлгоод байна. Та энэ хоёр төсөл дээр гаргасан үнийг дүн, тонн хэмжээг хэлж өгөөч?
-Энэ төсөл өөрөө маш хэл амтай төсөл. 2008 онд эхэлсэн, дараа нь олон зогсож, улс төр болсон. Үүнийг бид хэрэгжүүлэхдээ бүхнийг хуулийн дагуу, санхүүгийн бүх бичиг баримт нь анхан шатны баримтаар, тэгээд хэзээ нэгэн цагт иймэрхүү хэл ам, хэрүүл уруул, хардалт сэрдэлт болно гэсэн бэлтгэл дээр энэ ажлыг хийж байсан учраас би юунд ч санаа зовохгүй. Гэрээ байгуулсны дараа тухайн үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх хэлж байсан. За энэ бол хэл ам ихтэй ажил шүү, яг хугацаанд нь төсөвт өртөгт нь тааруулаад хийх үүрэгтэй шүү гэж хэлж байсан. Бид яг л тэгж хийж дуусгасан. Бид 2019-2023 он хүртэл таван жилийн хугацаанд 12 сая тонн нүүрсийг төмөр замын төсөвт зориулж санхүүжилтээр аваад бүтээн байгуулалт дууссан гэсэн үг. Энэ таван жилд Эрдэнэс Тавантолгой ХК магадгүй 150, 160 сая тонн нүүрс гаргасан байх. Манай төмөр замдаа зориулсан нийт санхүүжилт нь бол нийт гаргасан нүүрснийх нь 10 орчим хувь болж байгаа юм. Тэгэхээр 45 сая тонн нүүрс гэдэг тоог анх удаа сонсож байна.
-Богдхан төмөр замыг оруулаад хэлж байна уу?
-Тийм ээ. Богдхан төмөр замын төслийн доод бүтэц нь манайд хамаа байхгүй. Доод бүтцийн ажил явж байгаад зогсчихсон. Манайх дээд бүтэц хийх ёстой байсан. Доод бүтэц нь зогссон учир Богдхан төмөр зам дээр томоохон төсөв гараагүй.
-Л.Оюун-Эрдэнэ валютын сан хоосорч хоёр тэрбум ам.долларын нөөцтэй үлдсэн, хэний нүүрс гараад байна вэ гэсэн чинь Бодь группийн нүүрс гараад байна гэж хэлсэн. Манай нүүрсийг л хамгийн түрүүнд гаргаад ачуулаад бай гэдэг нөлөө компани үзүүлсэн юм уу?
-Тодорхой хариулъя. Цар тахлын үед манай экспорт 0 болоод зогссон. ЭТТ ХК жил өнгөрүү зогссон. Тэр үед манайх Хятадын дөрвөн том худалдан авагчтай гэрээ байгуулаад гэрээний урьдчилгаа болгож олон сая доллар авсан. Энэ бол төмөр замын төсөлтэй ямар ч хамаагүй шүү. Тэр мөнгөөрөө манай Монгол Улс нэг хэсэг гадаад валютынхаа нөөцийг бүрдүүлж явж байгаад, цар тахал дуусаад нүүрс гараад эхлэхээр нөгөө өмнө нь мөнгөө төлсөн байсан худалдан авагч чинь нүүрсээ ашигладаг юм байгаа биз дээ. Мөнгийг нь Монгол Улс аваад идчихсэн, нүүрсийг нь өгөөгүй байдаг. Ингээд тэр нүүрсээ гаргасан. Гэтэл орж ирсэн мөнгө, гаргасан нүүрстэй зөрөөд байхаар манайхыг авсан гэж хардсан. Үнэн хэрэгтээ, хил хаагдсан тэр үед Монгол Улс тэрийг аваад Сангийн яам ЭТТ ХК-аар дамжуулж аваад өөрсдөө тэрийг зарцуулсан байсан нь бол тодорхой болсон. Энд манай нүүрс хамаа байхгүй.
Түүнээс гадна манай компанид ЭТТ ХК цар тахлын үед өгөх ёстой байсан санхүүжилтээ өгч чадахгүй болоод бид өндөр үнэтэй зээл авч байж төслийг дуусгасан. Нүүрсний сонсголын үеэр хаанаас хэдэн төгрөгийн зээл авч энэ төслийг дуусгасан бэ гэдгийг тодорхой үнийн дүнтэй нь хэлж байсан санагдаж байна. Тиймээс манай нүүрс түрүүлж гардаг, нөгөө нүүрс хоцорч гардаг асуудал нь ор үндэслэлгүй.
-Та нүүрсний компанигүй мөртлөө нүүрс зардаг зуучийн ажилд яаж оролцогч болсон юм бэ?
-Тийм ээ, манайх нүүрсний биш инженерингийн компани. Энэ төмөр замыг барь гэдэг үүргийг өгсөн. Олон жил зогссон, хамгийн чухал төсөл, хугацаанд нь төслийг дуусга гэсэн. Харин санхүүжилтээ нүүрсээр өгье гэсэн. Тэгэхээр бид нүүрсийг нь худалдаж авдаг компаниуд руу нь нэг ч доллар нэмэхгүйгээр бидэнд өгч буй үнээр нь цаашаа дамжуулж өгч байгаа юм. Тэгээд бид тэндээсээ мөнгийг нь авч төмөр замыг нь дуусгаж өгсөн. Энгийнээр тайлбарлахад ийм.
Манайхтай өчнөөн олон оффтейк гэрээ байгуулсан гэж яриад байгаа.
-11 гэрээ байгаа гэж үнэн үү?
-Үгүй манай компанитай ганцхан гэрээ байгаа. Бидэнд өөр гэрээ байхгүй. Бид тэр нэг гэрээний дагуу авч байгаа нүүрсээ 36 хавсралт гэрээгээр 29 худалдан авагчид нийлүүлсэн. Бид өгч байгаа нүүрсийг нь энэ удаад тэр компани, энэ удаад энэ компанид гээд хуваарилалтыг хийсэн. Энэ хуваарилалтыг нүүрсний гэрээ гэж ойлгоод байгаа юм. Зарим үед тэр компани нүүрсээ худалдаж авч чадахгүй, мөнгөө өгч чадахгүй болно. Зарим үед илүү санхүүгийн чадвартай нь худалдаж авч чадна. Тэгэхээр нийтдээ 29 компани гээд байгаа боловч 4-5 компани л байгаа.
-Оффтейк гэрээг ил болгохдоо нууцын тамгатай байсныг дурдсан. Яагаад нууцад авсан юм бэ?
-Үүнийг Засгийн газраас асуух нь зөв байх. Би энэ талаар бүтэн өдөржингөө сонсголоор ярьсан. Би өнөөдөр яагаад ярилцлага өгье гэсэн бэ гэхээр намайг өнөөдөр Монгол Улсын өндөр албан тушаал хашиж байсан хүн авлига хээл хахууль өгсөн гэж гүтгэсэн учраас би түүнд нь хариулж байгаа юм аа. Тэгэхээр Б.Энхбаярыг танихгүй.
-Тэгвэл та Д.Мөнх-Эрдэнийг таних уу, танай компанид ажиллаж байсан. Тиймээс ЗГХЭГ руу хүнээ оруулаад, нууцын мэдээлэл дээр аваачиж тавиад ийм ажил хийсэн байна гэж хэлсэн?
-Д.Мөнх-Эрдэнэ манай компанид огт ажиллаж байгаагүй. Хоёрт, Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж хэлж байна лээ. Тэр гэрээгээ батал. Ерөөсөө тийм юм огт байхгүй. Д.Мөнх-Эрдэнэ ч бас хэлсэн байх шиг байна лээ.
-Та төслөө цаг хугацаанд, төсөвт өртөгт нь тааруулж гүйцэтгээд нь хүлээлгэж өгсөн байна. Тэгтэл Ерөнхий сайд нар таны төслийн талаар ам муутай байх юм. Ч.Сайханбилэг, Л.Оюун-Эрдэнэ нар энэ төмөр замаар нэг ч вагон нүүрс гараагүй, тийм байхад энэ ажлыг бүрэн дууссан гэж хэлж чадахгүй гэж байгаа?
-Үүнд хэдэн тодруулга хэлье. Төмөр замыг бид 2022 онд хүлээлгэж өгсөн. Миний мэдэж байгаагаар 2025 онд 6 сая тонн нүүрс тээвэрлэгдсэн. Өнөөдөр өдөр болгон 8-10 цуваа вагон Гашуунсухайтын төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Энэ бол Монгол Улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгийн сайн чанарын төмөр зам. Хэрвээ энэ төмөр замыг манай компани бариагүй байсан бол өнөөдөр манай улс төрчид нөгөө л овоолсон шороо, нөгөө л зөрсөн мөрсөн гэдэг юмаа яриад байж байх байсан гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ манай компани тэр төмөр замыг бариагүй байсан бол өнөөдөр хил холболтын асуудал, Харбины гэрээ гээд байгаа юм ч яригдахгүй. Өөрөөр хэлбэл, юу ч хийгдэхгүй байсан гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Сэтгүүлчид болон янз бүрийн хүмүүс овоолсон шороо гэж зөндөө ярьсан. Тэгэхээр тэнд бол ямар ч овоолсон шороо байгаагүй гэдгийг баталгаатай хэлмээр байна. Овоолсон шороо гээд л сэтгүүлч очоод зураг аваад л байсан. Гэтэл тэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд хийгдсэн шал өөр ажлын зураг байсныг тэгж гаргасан юм билээ. Би улс төрчдийн ярьсан элдэв хангай юмыг тоодоггүй. Харин тэр улс төрийнхөө тэмцэлд намайг татан оролцуулж, хээл хахууль авсан гэж ярьж байгаа явдалд би эгдүүцэн дургүйцэж байгаа. Тэрийгээ энд тэнд очиж баталдаг юм байгаа биз. Хүний ярьсан үлгэрт итгэж явдаг юм бол тэр нь тусдаа асуудал болно биз.
Түүнээс гадна Б.Энхбаяр гэдэг хүн чинь над руу их дайрдаг хүн. Би яахав дээ, ярьж л байг улс төр юм чинь гээд тоодоггүй.
-АТГ дуудвал та энэ асуудлаараа янзын сайхан ярих л юм байна, тийм үү?
-Бүрэн гэрчийн мэдээлэл өгөхөд бол ямар ч асуудал алга. Харин харамсалтай нь, хуулиар хүн гүтгэх чинь эрүүгийн хэрэг биш болоод хэнийг ч юу ч гэж гүтгэж болохоор болчихсон юм билээ. Тэрийг саяхан мэдэж авлаа. Уг нь хүн гүтгэсэн хүн бол эрүүгийн хариуцлага хүлээгээд шийтгэлээ хүлээх ёстой байтал тийм биш байна.
-Таныг энд тэнд хүнээ байршуулдаг, авлига өгдөг гэж яригдаж байна. Энэ төслийн гэрээ байгуулсан анхны өдөр “Тавантолгой төмөр зам ХХК-ийн Голомт банк дахь данснаас Бодь Интернэйшнл ХХК-ийн Голомт банкинд байрших данс руу 110 сая ам.доллар шилжүүлээд энэ мөнгөөрөө улс төрчдийн авлигаджээ” гэж Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Та үүнд бодлоо хэлээч?
-Нэгд, тийм их доллар аваад явж байна ч гэж юу байх вэ. Дээрээс нь манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага, гэрээлсэн үнийн дүнгүүд бүгд ямар ч мөнгөний зөрүүгүй таарч байгаа. Бид үүнд маш цэгцтэй хандсан учраас тийм асуудал байхгүй. Бид орлогуудыг орлогоор нь бүртгээд татвараа төлөөд, олон улсын аудитаар аудитлуулаад үлдээгүй газар байхгүй ээ. Л.Оюун-Эрдэнийн хэлж буй зүйлс ор үндэслэлгүй, боломжгүй зүйл. Монгол Улс хатуу хяналттай. 20 саяас төгрөгөөс дээш бэлэн гүйлгээ чинь бүгд Монголбанкинд мэдэгддэг, тийшээ очиж тайлагнадаг. Тийм байх бололцоо байхгүй. Тэр хүн хаанаас тийм юм олж сонссон юм, өөрөө харсан бол гэрчлэх байлгүй. Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж үзээгүй, гар барьж ч үзээгүй. Би ямар улс төрд орох гэж байгаа биш энд тэнд амьтан хүнтэй уулзаж явах ямар ч сонирхол байхгүй. Тэд улс төрийнхөө тэмцлийг хоорондоо хийдэг юм байгаа биз.
-У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох гэсэн чинь Х.Баттулга хэл ам хийгээд байна. Тэгэхээр нүүрсний энэ том төслийг нь явуулчих гэж хэлсэн гэх юм. Таныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн эвлэрүүлдэг ганц хүн гэж ярьсан шүү дээ?
-Намайг магтаж байгаа юм уу, муулж байгаа юм уу?
-Хүчтэй, нөлөөтэй л гэж хэлээд байна л даа?
-Тэр хүн чинь Ерөнхийлөгч болчихсон юм чинь надад ямар хамаатай юм. Хоёр Ерөнхийлөгч хүссэн хүсээгүй уулзах байлгүй.
-Таныг аль нэгэнд нь үйлчилдэг гэж хэлээд байгаа байхгүй юу?
-Манай төмөр замыг эхлэхэд энэ хоёр хүний нэг нь Ерөнхийлөгч, нэг нь Ерөнхий сайд байсан. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ЗГХЭГ-ын дарга, Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байсан. Тэд энэ төслийн ач холбогдлыг мэдэж байсан. Энэ төслийг зайлшгүй хийх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Надад энэ төсвөөр нь цаг хугацаанд нь хийх ёстой гэдэг хатуу үүргийг Х.Баттулга ч У.Хүрэлсүх ч хэлж байсан. Би үүргээ нэр хүндтэй ёс төртэйгөөр гүйцэтгэж дуусгасан, би тэр ажлаараа бахархаж байгаа. Ганц би ч биш энэ төсөлд оролцсон мянга мянган ажилчид бахархдаг. Өнөөдөр Тавантолгой төмөр зам ХХК бол Монгол Улсын хамгийн их орлоготой, ашигтай компанийн нэг болчихсон. Элдэв хангайн мэдээлэл хийхээсээ өмнө тоо баримт, статистик харж байгаарай гэж өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст, хүний хов жив амаар биш баримтад тулгуурлан ярьж байхыг хүсэж байна.
-Тантай холбоотой дахиад нэг хүн бий. Энэ бол А.Амундра. Энэ хүн хамаг улс төрийн зургийг зурж, хорыг нь найруулаад байна гэдэг. Би Х.Баттулгаас холдуулахын тулд А.Амундраг өөр дээрээ авч ажиллуулсан юм аа гэж Л.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа үеэр хэлсэн. Та А.Амундра гэдэг хүнтэй ямар холбоотой вэ?
-Энэ асуултад хариулаад дуусгая. Би ямар ч хүний улс төрийн итгэл үнэмшлийг хүндэтгэж, гаргасан шийдвэрт нь огт нөлөөлдөггүй. Хүн дуртай ажлаа хийж, дургүй нь сонголтоо хийгээд явна биз. А.Амундра манай компаний захирал хийж байгаад одоогоос 6 жилийн өмнө ажлаас гараад Ерөнхий сайдын өөрийнх нь зөвлөх болсон. Өөрөө дуртай явсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай ажиллаж байсан. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан, тэр хүний өөрийнх нь улс төрийн сонголт. Тэрнээс хойш тэр хүний хийсэн ажил, юу хийсэн гэдэгт нь би ямар ч хамаа байхгүй. Түүнээс гадна би хэнд ч, ямар ч үүрэг даалгавар өгдөггүй. Би ямар ч хүнийг ингэ, тэг, ийм юу хий гэж хэлдэггүй. Ямар ч хүн өөрийнхөө итгэл үнэмшлээр ажлаа хийдэг учраас А.Амундра улс төрд ямар юм хийж байсныг би мэдэхгүй. Харин манай компанид ажиллаж байхад нь хийгдэж байсан гэрээ Компанийн хуулийн дагуу тэр хүнтэй холбогдож, хариуцлага хүлээгдвэл тэр хүний л асуудал. Бусдын асуудал биш. Би өмнөөс нь тайлбар өгч чадахгүй.
-Сүүлийн үеийн галтай сэдвүүдийг бүгдийг нь няцаалаа. Энэ хүмүүсийг хуулийн байгууллагад өгөх үү?
-Эд нар чинь хуулиар шийдэгдэхгүй юм байна шүү дээ. Өгөөд ч нэмэргүй юм билээ. Би чамайг гүтгэчихвэл яах ч үгүй л юм билээ. Нэгнийгээ юу гэж гүтгэж доромжлохыг бид харж байна шүү дээ. Цаашид ямар ч муухай юм гарах юм билээ, би тэрэнд л санаа зовж байна. Ард түмнийг хооронд нь талцуулж, юу ч хийж болох юм байна гэдгийг харж байна. Үнэн бодит байдал гэдэг алга болох юм байна. Энэ асуудал дээр ард түмнийг талцуулаад ажил хийх аргагүй болгох юм байна гэдгийг харж байгаа. Улс төрчдөд тэр огт хамаагүй байдаг юм байна.
-Улс төрчид томоохон компаниудыг ноолж, муухайгаар хэлбэл ээлж дараалан зодож байна. Цаашдаа нийгэмд ямар хор нөлөөтэй гэж харж байна. Монголд сайн нүүртэй групп компани бараг үлдсэнгүй шүү дээ?
-Бид нарын туулах ёстой зам юм байлгүй дээ. Монгол бол ардчилсан, чөлөөт улс. Иймэрхүү замыг заавал туулж, өөр дээрээ мэдэрч үзэх ёстой юм байна гэж дотроо тэвчээртэйгээр харж байна. Үүнийг тойрч биш туулж л гарах ёстой хувь заяа.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх