Дараагийн хөзөр

Б.Энхтулга
2026-03-25

2023 оны сүүлээр нүүрсний хулгайн хэрэгт холбогдож бусдад хахууль өгсөн, хахууль авсан хэмээн шүүхээс 3.9 жилийн ял сонссон Эрдэнэс тавантолгой ХХК-ийн экс гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ долоо хоногийн сүүлээр суллагдах талаар ШШГЕГ-ын дарга ярив. Уг нь яг ялын хугацааг нь тооцвол хагас жилээс арай их хугацаа үлдсэн. Гэвч үлгэр жишээ хоригдол байсан учраас хугацаанаас нь өмнө суллахаар болсон гэв. Үгүй л дээ.

МАН-ын дотоод зөрчилд хэрэгтэй байгаа учраас түүнийг суллаж байгаа нь энэ болов уу. Тэр бол дараагийн хөзөр. Угаас хэрэггүй хүнээ хориод, хэрэгтэй хүнээ аварч чаддаг хүмүүс. Т.Аюурсайхан ялаа эдэлж гарч ирчхээд аль хэдий нь нэг хөзөр нь болчихсон сууж байгаа. Гэхдээ Т.Аюурсайхан бол дөрвөлжний 10-аас дээш гарахааргүй хөзөр. Харин Б.Ганхуяг ноён, хатан эзгүй үед даам гардаг дөрвөлжний боол байж мэдэх юм. Түүнийг ашиглах тал нь мэдээж тодорхой. Ерөнхийлөгчийн талынхан. Прокурор, АТГ, Шүүх гээд хуулийн талын бүх байгууллага тэдний гарт байгаа юм чинь.

Шүгэл үлээгчийг хамгаалах анхдагч хуулийн төслийг Б.Ганхуягт зориулан батлуулах гэж байна уу?

Засгийн газраас өнөөдөр Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ хуулиар төрийн албаны авлига, хууль бус үйлдэл зэргийн мэдээлэл өгсөн иргэнийг шагнаж, урамшуулах. Мөн тухайн хүний аюулгүй байдлыг хангаж тусгай хамгаалалтын арга хэмжээ авах боломжтой. Товчхондоо ийм хууль гэж ойлгоход болно. Б.Ганхуяг гарч ирээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын эсрэг маш олон ноцтой зүйл ярьж, баримт байгаа бол түүнийгээ үзүүлэх байх. Тийм учраас өөрийн болон гэр бүлийнх нь аюулгүй байдал хангагдах хэрэгтэй. Хэрвээ энэ хууль батлагдвал түүнийг хуулиар хамгаалалтад авах боломж нь бүрдэх юм. Угтаа бол энэ хууль Б.Ганхуягт зориулаад байгаа хууль биш л дээ. Эртнээс яригдаж явсан хууль. Зүгээр л хэрэг болох хугацаагаа хүлээгээд шүүгээний мухарт хэвтэж байсан. Харин одоо амьдрал дээр хэрэгжих цаг нь ирж тоосоо гөвүүлэх нь. Ханцуй шүргэх төдийд ч учир шалтгаантай байдаг гэдэг шиг энэ хууль, Б.Ганхуяг суллагдах хоёрын учир шалтгаан энэ цаг үед л огтлолцож таарч байх шиг. Түүнээс хамгаалах дээрээ тулбал хуультай хуульгүй түүнийг хамгаалалтад авчих биз. Харин түүнийг урамшуулж мөнгөөр шагнахгүй нь тодорхой байх.

Б.Ганхуяг ямар тохироотой гарч ирэх бол?

Үйлдсэн хэргийнхээ ялыг хэдхэн сарын дараа биеэрээ эдлээд дуусгах хүн тоглоомд урилгагүй орж ирэхгүй. Суллагдах хугацааг нь хүлээх гэхээр дэндүү хожимдох гээд байсан учраас үлгэр жишээ гэсэн юм зохиож наана гаргаж байгаа нь ч тодорхой. Юун дээр тохирч дараагийн хөзөр болохоор гарч ирж байгаа нь л харин сонин. Цагаадах уу аль эсвэл... Ямартай ч улс төрийг гадарладаг хүний хувьд шоронгоос хоосон гарч ирэхгүй. Гарч ирээд яг Т.Аюурсайхан шиг Л.Оюун-Эрдэнэ рүү асаж эхэлнэ. Ядаж байтал орох үедээ бүгдийг ярихад бэлэн байна гэдгээ илэрхийлж байсан. Ууртай гарч ирж магадгүй л юм. Эсвэл энэ их зөрчил, тэмцлээс холхон байх тухай ч бодсон байж магадгүй. Гэхдээ л энэ цаг үед гарцаагүй том хөзөр болчхоод байгаа учраас Б.Ганхуяг ачигдаж явсан шигээ сүр дуулиантайгаар улс төрд эргэн ирэх нь дээ...

Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүмүүс жинхэнэ авлига, албан тушаалын хэргийн эзэд мөн бол шалгагдах ёстой газраараа шалгагдаад авах ёстой ялаа авах нь зүйтэй. Б.Энхбаяр тэргүүтэй хүмүүс нь ч ялгаа байхгүй. Харин энэ их тэмцэл, зөрчил эцэс сүүлд нь хэн хэн нь буруутан биш болж МАН дотроо тохиролцоод өнгөрөх л хамгийн хортой. Ард түмний сэтгэл санааг үймүүлж, улсад учрах хохирол нь ч их байх болно.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe