Хөгжлийн банк сэхэл авбал 2026 онд шинээр зээл олгоно

Г.Энэбиш
2026-03-26

Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд 3000 зээл олгосноос 27 нь төлөгдөөгүй үлдсэн буюу чанаргүй ангилалд оржээ.

Чанаргүй зээл 1 хувийг эзэлж байгаа мэт боловч мөнгөн дүнгээр 1 их наяд 245 тэрбум төгрөг. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө 200 тэрбум төгрөг. Иймд чанаргүй зээл өөрийн хөрөнгийн хэмжээнээс нь 6 дахин давж, эх үүсвэрийн дутагдалд оржээ.

Улстөрийн акц, шүүх цагдаад тулж, хэвийн үйл ажиллагаандаа эргэж ороогүй байна.

Хөгжлийн банкны голлох үзүүлэлт:

  • Чанаргүй зээлийн харьцаа 55%
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2%
  • Цэвэр хүүгийн зөрүү -1%
  • Нийт хөрөнгийн хэмжээ ₮3,3 их наяд
  • Өөрийн хөрөнгийн хэмжээ ₮0,2 тэрбум
Бэрэн тэргүүтэй  чанаргүй зээлдэгчид одоо ч зээлээ төлөөгүй явна

Улс орон даяараа Хөгжлийн банкны асуудалд санаа зовниж, хэнд ямар байдлаар зээл очсон талаар 2 жил шуугьсан. Ингээд шүүх цагдаа олон нийтийн хүчээр 2 их наяд орчим төгрөгийн зээлийг төлүүлсэн байдаг. Гэтэл их хэмжээний зээлдэгчдийн өр төлбөр одоо ч шийдэгдээгүй байна. Жишээ нь Бэрэн групп 135 тэрбум гаргуулах Дээд шүүхийн шийдвэр гараад 2 жилийн хугацаа өнгөрч байна. Хэрэгжилт хангалтгүй.

Шинэ яармаг төсөл гэхэд 60 тэрбумын зээлтэй. 540 айлын орон сууцны төсөл. Төслийг бүхэлд нь зарж борлуулж өрийг нь төлүүлэх боломжтой.

Ундармаа гишүүн асны өрөнд хураагдсан Гантиг вилла тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт өндөр. Мөн л бүрэн дуусаагүй нэмж хөрөнгө оруулж, төслийг зарж чадвал 80 тэрбумын зээл төлөгдөнө. Төрд хамаарах том зээлүүд ч шийдлээ хүлээсээр байна.

З.Нарантуяагийн үед татсан өндөр өртөгтэй бонд өгөөж авч ирсэнгүй

Хөгжлийн банк өнгөрсөн жил 8,5 хувийн хүүтэй, 2,5 жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг ОУ-ын зах зээлээс татан төвлөрүүлсэн. Үүн дээр свотын 10 хувь нэмэгдэхээр энэ эх үүсвэрийн өөрийн өртөг 18,5 хувь болсон. Энэ өндөр хүүтэй мөнгийг зээл болгон гаргахад хүүг нь бизнесийнхэн даахгүй. Ингээд хүүд нь алдагдал хүлээж байхаар гээд өмнөх бондын төлбөртөө 300 сая долларыг нь зарцуулжээ. Харин үлдсэн 200 сая буюу 700 тэрбумаар зээл олгохоор судалж байгаа аж. Хөгжлийн банкны гаргасан нийт бондын мэдээллийг хавсаргав.

Цаашид яах вэ

Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр 1 их наяд төгрөг олгохоор болжээ.

Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй ажил

  • 145 хүний орон тоог 99 болгон цөөлж, цалингийн зардлаа 17 хувиар бууруулав.
  • Хөтөл компанид олгосон зээлд бүтцийн өөрчлөлт хийх замаар эрсдэлийн санд байрших мөнгийг бууруулах
  • Охин компанид олгож буй хөрөнгө оруулалтыг 80 тэрбумаар танах

Төлөвлөж буй ажлууд

  • 500 сая долларыг гадаад зах зээлээс татах
  • 500 тэрбум төгрөгийн шинэ зээл олгох
  • Энэ ондоо 200 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэх

Ингэж чадвал өөрийн хөрөнгөө дахин 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж шинээр зээл олгон хэвийн үйл ажиллагаандаа шилжих боломжтой гэж үзэж байгаа аж.

Зээл олгох боломжтой төслүүдээ судалж хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөнд тусгасан эрчим хүч, дэд бүтэц чиглэлд зээл олгох бодлого баримталж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe