О.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн суурь шинэчлэл хийнэ

.Graph
2026-03-26

Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чамбайруулах, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэх, тодруулах асуудлыг нарийвчилан судлах ажил өрнөж байна.

УИХ-аас байгуулсан ажлын хэсэг өмчийг хэрхэн ангилах, өмчийг захиран зарцуулах этгээдүүдийн үүрэг хариуцлага, өмчийг шилжүүлэх, худалдах, хувьчлах, өмчийг үнэлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. 

Одоогоор ​Музейн барилга нь орон нутгийн өмчид байдаг ч тэнд байгаа соёлын үнэт олдворууд нь бүртгэлгүй байх жишээтэй. Бүртгэлгүй байна гэдэг хяналтгүй байна л гэсэн үг хэмээн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлсэн юм.

Энэхүү хуулийн үзэл баримтлал болон төсөлд сум, дүүргийг өмчтэй болгох, өмчийн шилжилт хөдөлгөөнийг тодорхой болгох, эзэнгүй, орхигдсон, нуугдмал өмчийг олж авах бүртгэх, сайн засаглалын үзүүлэлтүүд болох ил тод байдал, хариуцлага, бүртгэл хяналтын тогтолцоог шинэчлэх дэвшилтэт заалтуудыг тусгасан байна.

Төрийн өмчийн хууль бол улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндсэн нөхцөл гэж үздэг.

Харин тус хуульд бүрэн шинэчлэл хийж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэж байгаагүй бөгөөд зөвхөн бусад өөрчлөгдсөн хууль тогтоомжид нийцүүлэх маягаар 39 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хуулийн төслийн талаар "Төрийн өмч зарим хүмүүсийн хувьд дуусашгүй баялагтай "шидэт уут" болчихсон байна. Үлгэрт гардаг шиг нэг дарга ирээд гараа дүрээд л энэ орд минийх, энэ банк минийх, энэ үйлдвэр минийх гээд аваад явчихаж болдог. Тэр уутны жинхэнэ эзэн уг нь ард түмэн юм. Бид энэ хуулиар уутны амыг боож, хулгайч нарын гарыг тэндээс холдуулах хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe