АН дотоод сонгууль: МҮДН улгүй хусуулж бусад нь тугаа зоов

Б.Энхтулга
2026-03-26

Ардчилсан намын дотоод сонгууль дуусаж ялсан нь баярлаж, ялагдсан нь гутарч уугаад сая нэг ухаан орж байх шиг. Нэг, хоёр фракц нь жин дарж илүүрхсэнгүй өөр өөрсдийн хариуцдаг дүүрэг, аймгаа авцгаажээ. УИХ-д тойргоос сонгогдсон хэд хэдэн гишүүд өөрсдийн дүүрэг, аймагтаа унасныг эс тооцвол. Гэхдээ асуудал нэлээдгүй байсан бололтой. Өнөөдөр л гэхэд Баянхонгор аймагт өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Ганбат “миний өрсөлдсөн аймагт Монголын төмөр замын нэг нөхөр ирээд мөнгө тараасан. УИХ-ын гишүүдийн талаар худал мэдээлэл тарааж явсан” хэмээн ярив. Мөн Баянзүрх дүүрэгт МАН-ын гишүүд сонгуульд нь оролцож санал өгсөн хэмээн гишүүд нь эсэргүүцэл илэрхийлсээр байгаа билээ.

За энэ асуудлыг тэртээ тэргүй маргаан таслах зөвлөл ч билүү хороо ч билүү тэд нар нь шийдэх байх. Сонгуулийг нийтээр нь нэг тоймлоод харья. Нийт есөн дүүрэг, 21 аймагт сонгууль явагдсан. Үүнээс нэг аймгийн намын даргын асуудал маргаантай хэвээр байна. Тэр нь Хөвсгөл аймаг. Намын одоогийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан, Д.Эрдэнэбаатар нар өрсөлдөж Д.Эрдэнэбаатар илүү санал авсан. Гэвч 50+1 гэсэн босго даваагүй учраас дахин санал хураана гээд таг болсон байдалтай байгаа. Генсек л гарах байж л дээ.

Женко Х.Баттулгын фракц Булган, Эрдэнэтийг,

Намын дарга О.Цогтгэрэл СХД,

Лу.Гантөмөр БЗД,

Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нарын “Монде” фракц Говь-Сүмбэр, Ховд, Сүхбаатар дүүрэг,

Хаяггүй Б.Түвшин, Х.Баттулгын туг дор намирч явсан О.Амгаланбаатар нар барьц ахиулж нэг нь Хан-Уулыг нөгөөх нь Говь-Алтай аймгийг,

Фракц фракц дамжиж явдаг С.Эрдэнэболд нар Дархан-Уул аймаг гэх мэтчилэн ер нь хольж, хутгаад дарга, ҮБХ-гээ сайхан хуваагаад авчхаж. Харин Ардчилсан намын олон фракц дундаас МҮДН таг хоосон хоцорчээ. Д.Эрдэнэбат тэргүүтэй одоогийн УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар багтдаг энэ фракц улгүй хусуулсан харагдана. Үлдсэн хугацаанд одоогийнх шигээ өөр фракцуудтай ганзага нийлээд явах нь тодорхой биз. Эх нь эцээгүй тугал нь тураагүй л сонгууль болж өнгөрч. МҮДН-ээс бусад “Монде”, “Морьтон”, “Нэг монгол”, “Нэг Ардчилал”, “МоАХ” гэх мэт бүх фракц тугаа зоож чадсан байна.

Харин одоо Ардчилсан намын нийслэлийн намын хороог хэн удирдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Одоогийн байдлаар Б.Ган-Очир өрсөлдөгч үгүй ганцаараа дэвшиж байгаа. Уг нь УИХ-ын гишүүн Ө.Шижир нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшихээ илэрхийлсэн ч удалгүй буцаад нэрээ татсан. Шахалт байсан уу эсвэл Ө.Шижирийн жижиг улс төрийн пи ар юм уу. Өмнөх намын даргын сонгуульд мөн дэвшинэ гэчхээд нэрээ татаж байсан. Б.Ган-Очир “Нэг монгол” буюу О.Цогтгэрэлийн фракцын хүн. О.Цогтгэрэлийн УИХ дахь зөвлөх гэж явдаг. Тэгэхлээр Б.Ган-Очир өрсөлдөгчгүй сонгогдвол толгой нам нийслэлийн нам хоёр нь нэг талд зогсох нь. Энэ нь ч хэрэгтэй биз. Хөл толгойгоо олоод удаагүй байгаа намын хоёр удирдлага нь хоёр тийшээ хараад суучихвал Ерөнхийлөгчийн сонгууль хэцүүдэх нь ойлгомжтой. 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe