Жил бүрийн өдийд УИХ ид хуралдаж, зурагтын мэдээ, сонины нүүр, цахим хуудсын талбар гишүүдийн хэлсэн үг, санаачилсан хуулийн төслүүдтэй холбоотой мэдээллээр амь ордог.
Тэгвэл энэ удаагийн хаврын чуулган тогтсон хугацаандаа буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт нээсэн ч АН-ын бүлэг "бойкот" зарласнаар тасалдсан.
Тэд УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учралыг аль нэг даргын суудлаа өгөх гэдэг зарчмын ганцхан шаардлагаар эхэлсэн бол өнөөдөр УИХ-ын гишүүн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн бөгөөд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийг тус тус бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалсан нэр холбогдсон гэмт хэргийн шинжтэй асуудлаа шалгуул хэмээн өргөжсөн байна.
Олон нийт харахад УИХ хуралдахгүй байгаа нь АН-ын бүлэг ийнхүү шаардлага тавьснаас үүдсэн хэмээн буруутгаж болох ч улс төр ийм хойно зөвтгөл бас бий.
Тэдэнд аль нэг намын дарга УИХ даргалж, ашиг сонирхлын зөрчилтэй хуралдаж болохгүй гэсэн зарчмын нэг үндэслэл, сөрөг хүчний хувьд МАН-ын дотооддоо толхилцох болсныг ашиглан хагарлыг нь улам дэвэргэх улс төрийн хоёр дахь үндэслэл, хууль тогтоогчийн хувьд засна, сайжруулна, парламентын дархлааг сэргээнэ хэмээн санаачилсан УИХ-ын тухай хуулд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хойш тавьсан УИХ-ын даргад эгдүүцсэн хорслын гурван ч үндэслэл бий.
Улс төр ийм хойно, үгүйсгэж боломгүй дээрх үндэслэлүүдийг УИХ-ын дарга бөгөөд МАН-ын намын дарга, энэ нам дотооддоо хэрхэн хүлээн авч, биелүүлэх эс биелүүлэхээс улс орны асуудал, хэлэлцэх ёстой 30 гаруй хуулийн төслийн хувь заяа шийдэгдэх гэж байна.
Зургийн тухайд
УДШ-ээс Даваагийн Цогтбаатар гишүүнийг Хөгжлийн банкны гэх асуудалтай холбоотойгоор авлига, албан тушаалын хэрэгт үйлдсэн хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн. Зөвхөн энэ үндэслэлээр өнөөдөр түүний барьж буй ажлаа өгөх тухай шаардлага өөрт нь ч мөн хамааралтай.
Х.Тэмүүжийн гишүүний хувьд дээрх дурдсан хуулийн төсөлд голлон гар бие оролцсоны хувьд хэлэлцэж өгөхгүй "гонжирсон" нь өнөөдрийн бойкотод тун чинь нөлөөтэй асуудал болж, УИХ-ын дарга Н.Учралыг амлан авч, улс төржих зүйг тавьсан билээ.
Сэтгэгдэл үлдээх