Жил бүрийн энэ өдөр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Анх 1961 онд Олон улсын театрын хүрээлэн(ITI)-ийн санаачилгаар тэмдэглэх болсон ба театрын урлагийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх зорилготой.
Энэ өдөр улс орон бүрт театрын тоглолт, хэлэлцүүлэг, уран бүтээлийн нээлт, уран бүтээлчдийн уулзалт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Мөн жил бүр нэр хүндтэй уран бүтээлч Дэлхийн театрын өдрийн илгээлтийг бичиж, дэлхий дахинд театрын урлагийн үнэ цэнэ, нийгэмд гүйцэтгэх үүргийг онцлон хүргэдэг уламжлалтай.
Ташрамд дурдахад, манай улсад 20 гаруй театр үйл ажиллагаа эрхэлж байна.
Театр нь нийгмийн толь болж, хүний сэтгэл зүй, үнэт зүйл, цаг үеийн асуудлыг тайзнаа амьдруулдаг онцлог урлагийн төрөл юм. Иймд энэ өдөр нь зөвхөн уран бүтээлчдийн баяр төдийгүй үзэгч, соёлын салбарынхны хамтын баяр хэмээн үздэг.
Дэлхийн театрын өдөр нь театрын урлагийг дэмжих, соёлын өвийг хадгалах, уран бүтээлчдийн үнэ цэнийг олон нийтэд таниулах чухал ач холбогдолтой өдөр хэвээр байна.
Манай улсын хувьд "Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслол өнөөдөр 17 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Наадамд 183 уран бүтээлч бүтээл туурвилаа ирүүлснээс эцсийн шатанд 74 уран бүтээлч тунаж үлджээ.
Ёслолын арга хэмжээ өнөөдөр 18.00 цагт УБДЭТ-т болно. Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл, нэвтрүүлэг, соёлын дижитал бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн, гэрэл зураг, соёл урлагийн судалгаа зэрэг 14 төрлөөр шилдэг уран бүтээл, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин гэсэн 11 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом болон мөнгөн шагналаар урамшуулах юм.
Мөнгөн мод хэмээх болсон учир нь Эзэн Богд Чингис хааны шууд зарлигаар 1220 онд сууриа тавьж, улмаар Их хаан Өгөөдэйн үед өргөжин тэлж, Их хаан Мөнх тэнгэрлэг сэнтийд заларч ахуйд хөгжин цэцэглэсэн Хархорум хотыг бэлгэджээ.
Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн "Мөнгөн мод" бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан юм.
Мөнгөн модыг Мөнх хаан Францын алдарт уран дархан Вильгельм Бушьед 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залсан түүхтэй.
Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.
Хархорум хотыг тухайн цагийн бичгийн дээдэс, аянчин жуулчид судар түүхийн хуудаснаа шагшин магтсан нь олонтаа.
Сэтгэгдэл үлдээх