Лос Анжелес хотын шүүх дэлхий хамгийн том дижитал технологийн компани болох Meta, Google-ийн эсрэг шийдвэр гаргалаа.
Тодруулбал, 2023 онд KGM гэх нэрээр нэрлэгдсэн 17 настай охин тус компаниудын эсрэг гомдол гаргасан байдаг. Тухайн платформууд түүнийг сэтгэл гутрал болон амиа хорлох бодлуудад хүргэсэн гэж мэдэгдсэн.
Үүнтэй зэрэгцэн бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн төлөөлөл болон кампанит ажилтнууд нэгдэн тэдний эсрэг хүчтэй эсэргүүцэл өрнүүлсэн. Лос Анжелесд төвтэй шүүх бүрэлдэхүүн есөн өдрийн турш 40 гаруй цаг хэлэлцсэний эцэст лхагва гарагт шийдвэрээ танилцуулж, компаниудын эсрэг шийдвэр гаргалаа.
Facebook, Instagram, WhatsApp зэрэг платформыг эзэмшдэг “Meta” компани болон Youtube, Google платформууд нь анхнаасаа хүнийг донтуулах зорилгоор зохион бүтээгдэж, өсвөр насныхны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэжээ.

Шүүх 20 настай Кейлид хохирлын нөхөн төлбөрт гурван сая ам.доллар, дээрээс нь торгууль болох гурван сая ам.доллар олгохоор тогтоожээ. Харин компаниуд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй бөгөөд давж заалдахаа мэдэгдсэн.
Дээр дурдсан нийт зургаан сая ам.долларын 70 хувийг Meta, 30 хувийг Google төлөх аж.
Метагийн зүгээс "Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд гэдэг маш нарийн, төвөгтэй байдаг бөгөөд түүнийг ганц аппликейшнтай холбох боломжгүй" гэсэн бол Google-ийн хэвлэлийн төлөөлөгч “Youtube бол сошиал медиа сайт биш, зөвхөн стримминг платформ” гэж тайлбарлажээ.
Кейли багаасаа тухайн платформуудыг хэрэглэж эхэлсэн бөгөөд 10 настайдаа сэтгэл гутралд автсан гэж мэдүүлжээ. Тэрээр инстаграмм хэрэглэж эхэлснээс хойш өөрийнхөө гадаад төрхөд сэтгэл хангалуун бус хандаж, хамар жижгэрүүлж, нүд томруулдаг пилтер хэрэглэх болжээ. Мөн түүнийг гадаад төрхдөө хэт санаа зовж, бусадтай өөрийгөө харьцуулах эмгэгтэй болсон гэж оношилсон байна.
Кейлигийн өмгөөлөгчид дээрх платформууд дахь “infinite scroll” буюу тасралтгүй мэдээллээр хангах функц нь донтолтод хүргэдэг гэж үзжээ.
Сэтгэгдэл үлдээх