Реппер, улс төрч залуу Балбын шинэ Ерөнхий сайдаар томилогдлоо

.Graph
2026-03-27

Урлагийн салбараас төрж, улс төрийн амьдралд хөл тавьсан 35 настай Балендра Шах гэх залуу Балба улсын Ерөнхий сайдын суудалд суулаа. 

Өнгөрсөн оны намар эрчээ авсан “Gen Z” бослогоос хойш Балбачууд анхны сонгуулиа хийсэн нь энэ юм. Тус улсын 47 дахь Ерөнхий сайдаар томилогдсон тэрээр авлига, хээл хахууль болон элитүүдийн засаглалд өөрчлөлт оруулахаа амлажээ. 

Шах урьд нь Балбын нийслэл Катманду хотын даргаар гурван жил ажилласан туршлагатай. Боловсрол, хэргэмийн хувьд тэрээр ахлах сургуулиа төгсөөд Катманду хотод  инженерээр суралцаж, дараа нь Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужид зэргээ хамгаалжээ.

Түүний хамгийн алдартай дуу болох “Balidan” юүтүбэ дээр 14 сая үзэлттэй. Бален нэрээрээ алдартай Шах баасан гарагт сайдын тангараг өргөхөөсөө өмнө сайн сайхан Балбын ирээдүйн тухай дуу гаргажээ. Тэрхүү дуу нь цацагдсанаасаа хойш хэдхэн цагийн дотор хоёр сая гаруй үзэлт авч чаджээ.  

Шах өнгөрсөн намрын эсэргүүцлийн жагсаалын гол баатруудын нэг байсан бөгөөд тухайн үедээ “Nepal Haseko” буюу “Инээмсэглэж буй Балба” хэмээх дуугаа гаргаснаар жагсагчид түүний дууг жагсаалын сүлд дуу болгон өргөмжилсөн.

Түүний дэмжигчид Балбын шинэ эрин үе Шахаар эхэлж байна гэж үзэж байгаа бол зарим иргэд эсрэг байр суурьтай байгаа юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe