Н.Учрал: Хүйс харгалзахгүй, хуучин сайд нараас багаа бүрдүүлнэ

Г.Энэбиш
2026-03-30

МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна.

Н.Учрал өнөөдөр Ерөнхий сайдаар томилогдоод, араас нь багаа бүрдүүлэхээр байна. Энэ үед сайд болохоор горилж буй гишүүд өөрсдийгөө хэвлэлээр бичүүлж, зарим нь бүр магтуулж байна. Тэгвэл чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын шинэ тэргүүн дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэр Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүй буюу өмнөх ЗГ-ын ажиллаж байсан бүтцийг хэвээр нь хадгалж 15 яамтай ажиллах нь ээ. Харин олон нийтийн шүүмжлэл дагуулдаг дэд сайдуудаа чөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Чуулганы хуралдааны үеэр дэлхийн дайн, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, шинэ сайд томилж, сургаад явах цаг хугацаа байхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мөн намын их хурал дээр дөнгөж өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байгаа Г.Занданшатарыг танхимдаа орж ажиллахыг индэр дээрээс урьсан юм.

Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн давтан сануулсан хүйсийн ктоттой холбоотой асуултад  квот үл харгалзан томилгоо хийнэ гэдгээ ч мэдэгдэв.

Өөр нэг өрнөл нь намаасаа хөөгдөх дээрээ тулаад байсан Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар ЗГ огцрохтой зэрэгцэн ордонд харагдах болсон.

Тэд ил далд өрөөнүүдээр явж, олон уулзалтад оролцсон. Өнөөдөр Х.Булгантуяа чуулганы хуралдаанд оролцох үеэрээ байр сууриа илэрхийлээд амжсаныг бодоход намын даргатайгаа ойлголцсон байх боломжтой.

МАН-ын их хуралд ахмад гишүүн Ц.Нямдорж цөөнхийн бүлгээ засагтаа урьж ажиллуул гэж хэлсэн нь Д.Амарбаясгалангийн талынхныг ч хэлсэн ч байж болно.

Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнээс зүг буруулан улс төрдөө эргэн орж, намын ижил олонтойгоо нийлсгээр сайдын суудал тохирсон байж болно гэсэн хувилбар жиг жуг яригдаж байна.

Томилгоо дундаас хамгийн анхаарал татах дүр бол Б.Энхбаярыг Н.Учрал засагтаа оруулж ажиллуулах уу? Эсвэл...

Шударга ёсны илд бамбай нь болох уриагаар намынхаа нүүрсчидтэй тэмцэл эхлүүлж, албаны нууцын хуулийг өөрчлөхөөр зэхсэн түүнд намын дарга итгэл үзүүлсэн хэвээрээ эсэх асуудал хамгийн анхаарал татсан хэрэг.

Түүнийг ЗГ-аас холдуулж чадвал өмнөх хэдэн жилийн сонсгол, хуулийн салбарын шинэчлэл, намынхантайгаа үзэлцсэн ажил цаасан дээр, хэвлэлийн хуудаснаа үлдэж, үр дүнгүй үлдэх эрсдэлтэй.

Улс төрийн өрнөл хааш эргэж ямар томилгоо хийгдэх нь ирэх өдрүүдэд илүү тодорхой болохоор байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe