О.Цогтгэрэл: Төрөө цомхон болгоорой гэдэг зарчмын байр суурь хэвээрээ байгаа

Ц.Чимэдцэеэ
2026-03-30

Монгол Улсын Их Хурлын 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн төслүүдийг Байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа.

 УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоол болон хэд хэдэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороодод (Байгаль орчин, Хууль зүй, Хүний хөгжил, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлого) тус тус хуваарилжээ.

Түүнчлэн Засгийн газраас өмнө өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийг татан авах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль-ийн дагуу уншиж танилцуулснаар холбогдох төслүүдийг татан авсанд тооцлоо.

Хуралдаанаар мөн импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг зохицуулахтай холбоотой тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэнээр уг төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Энэ талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр дэлхийн зах зээл дэх нефтийн нөхцөл байдал дотоодын үнийн хэлбэлзэлд нөлөөлж болзошгүйг онцолсон юм.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны дүгнэлтийг хэлэлцэж, холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг танилцууллаа.

Хуралдааны гол анхаарал татсан асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай хэлэлцүүлэг байв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-аас нэр дэвшүүлсэн Н.Учрал-ыг Ерөнхий сайдад томилуулахаар танилцуулж, түүний туршлага, мэргэжлийн ур чадварыг онцлон дурдсан байна.

Байнгын хорооны дүгнэлтээр нэр дэвшигчийг дэмжсэн бөгөөд УИХ-ын гишүүд Засгийн газрын бүтэц, эдийн засаг, валютын ханш, импортын хангамж, төрийн үйлчилгээний цахимжилт, авлигатай тэмцэх бодлого зэрэг өргөн хүрээний асуудлаар асуулт асууж, хариулт авч эхэлжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нэг хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ төрийн ажлын тасралтгүй байдлыг хангах үүднээс нэг цагийн завсарлага олгосноор хуралдаан түр завсарласан.

Завсарлагааны хугацаа дуусаж, чуулган үргэлжилж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

"Төрөө цомхон болгоорой гэдэг зарчмын байр суурь хэвээрээ байгаа. Бүлгийн хуралдааны үеэрээ Н.Учралаас асуухад тодорхой хариулт авч чадсангүй. Маргааш яаж орж ирэхийг нь харъя" хэмээн бүлгийн байр сууриа танилцууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe