Поп од Рианнагийн Лос Анжелес дахь гэр рүү гал нээсэн эмэгтэй шүүхэд өөрийгөө гэм буруугүй гэж мэдүүлжээ.
Тодруулбал, 3-р сарын 8-ны өдөр 35 настай Иванна Лизетт Ортиз гэх эмэгтэй орон нутгийн цагаар 13 цаг 15 минутад алдарт дуучны Беверли Крест дэх харш руу хагас автомат буугаар 10 гаруй удаа буудсан.

Буудлагын үеэр хэн ч гэмтээгүй бөгөөд тухайн үед Рианна нөхөр, гурван хүүхэд, ээжийнхээ хамт байжээ. Ортиз тэр даруйдаа зугтсан бөгөөд түүний цагаан өнгийн Тесла машин дуучны гэрээс 12 км-ийн зайд байрлаж байх үед цагдаа нар баривчилжээ.
CBS-ийн мэдээлснээр, Лос Анжелес хотын цагдаагийн газар түүний олон нийтийн сүлжээнд Рианнагийн тухай дурдсан цуврал бичлэгийг олжээ.
Шүүх түүнийг 10 удаа хувийн орон сууцад халдсан болон бусад гурван гэмт хэрэг үйлдсэн хэргээр яллаж байна.
Өнгөрсөн лхагва гарагт Ортиз өмгөөлөгчөөрөө дамжуулан Лос Анжелесын Дээд шүүхэд хэргээ мэдүүлэхдээ ямар ч гэм буруугүй гэж мэдүүлжээ.
Флорида мужаас гаралтай тэрээр хэл ярианы эмгэг судлаач мэргэжилтэй бөгөөд шүүхээс ажиллах эрхийг нь хориглож, батлан даалтаар суллагдах барьцаа мөнгийг бууруулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, 1.875 сая ам.долларын хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Түүний анхны шүүх хурал 4-р сарын 8-нд болох бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох магадлалтай аж.
Сэтгэгдэл үлдээх