Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, НИТХ-д хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар-ыг огцруулах тухай өргөдөл гаргаж, уг бичигт 20 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ.
Өргөдөлд дурдсанаар, хотын удирдлага албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүй, хууль зүйн шинжтэй хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзжээ. Тухайлбал, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлсөн, эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаалд оролцсон гэх асуудлыг онцолсон байна.
Нийтийн албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй үг хэллэг хэрэглэсэн, иргэд болон сэтгүүлчидтэй зүй бус харилцсан, олон нийтийг талцуулсан байж болзошгүй хэмээн өргөдөлд дурджээ. Зарим тохиолдолд иргэдийг “террорист” гэх мэтээр нэрлэсэн, хувийн мэдээлэлтэй холбоотой заналхийлэл маягийн мэдэгдэл хийсэн гэх асуудал ч багтсан байна.
Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг хөндөж, 2023-2025 оны хооронд төсвийн хэмжээ огцом өссөн ч зарцуулалтын ил тод байдал, үр ашиг, хяналтын механизм хангалтгүй хэвээр байгаа гэж шүүмжилжээ. Өндөр өртөгтэй төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул санхүү, хууль зүйн үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн байна.
Байгаль орчны асуудлын хүрээнд Сэлбэ гол, Дунд гол, Туул гол-ын ай савд хэрэгжүүлсэн хот байгуулалтын ажлууд нь экосистемд сөрөг нөлөө үзүүлсэн гэж өргөдөл гаргагчид үзжээ. Голуудын урсац доголдсон, нөхөн сэргээлт хангалтгүй байгаа асуудлыг онцолсон.
Мөн Туулын хурдны зам төслийг олон нийтийн өргөн хэлэлцүүлэггүйгээр хэрэгжүүлж, байгаль орчны үнэлгээ хангалтгүй нөхцөлд урагшлуулж байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч буйг дурджээ.
Хотын томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй, иргэдийн оролцоог бодитоор хангахгүй байгаа гэж шүүмжилжээ. Иргэдийн асуултад “шийдвэр гарсан” гэх байдлаар ханддаг нь төрийн үйлчилгээний зарчимд нийцэхгүй гэж үзсэн байна.
Өргөдөлд мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хотын даргад хяналт тавих үүргээ хэрэгжүүлж чадахгүй болсон, эрх мэдлийн хяналт, тэнцлийн зарчим алдагдсан байж болзошгүй нөхцөл үүссэн талаар дурджээ.
Иргэдийн зүгээс гаргасан уг өргөдөлтэй холбогдуулан холбогдох байгууллагууд ямар шийдвэр гаргах нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл үлдээх
Төсөв хэцүү байхад түр хойшлуулах нь зүйтэй
Одбаяр
Дэмжих үү?
0 1х
Хишигтогтох
Дэмжих үү?
0 1