Т.Самданжигмэд: “Оюу толгой” компани усны төлбөрөөс зайлсхийсэн удаа байхгүй

.Graph
2026-04-01

"Оюу толгой" ХХК усны төлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд асан Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Оюу тоглой" уурхайн ус ашиглалт болон ус бохирдуулсны төлбөрийн талаарх асуудлыг хөндсөн. Тэрээр  Усны нөөцийн зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ ус бохирдуулсны төлбөрөө төлөхгүй бол “Оюу толгой” компанид ус ашиглуулах эсэх асуудал яригдана хэмээн мэдээлж, ганцхан "Оюу толгой" гэлтгүй ус бохирдуулж буй бусад байгууллагуудаар уг төлбөрийг төлүүлэхийг Усны газарт даалгасан. 

Харин энэ асуудлаар “Оюутолгой” компанийн төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

"Оюу толгой" ХХК-ийн Байгаль орчин хариуцсан менежер Т.Самданжигмэд:

  • “Оюутолгой" ХХК усны төлбөрөөс зайлсхийсэн удаа байхгүй. Өнөөдрийг хүртэл бид 2009 онд Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ус бохирдуулсны төлбөр төлөлгүй ирсэн. Учир нь тухайн гэрээнд 2009 оноос хойш гарсан бусад татвар хураамжийг "Оюу толгой" компани төлөхгүй гэж заасан байдаг. Тиймээс бид ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй. Бид хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгсөн байгаа. Усны газраас гаргасан дүгнэлтийн дагуу бид хамтран ажиллахад бэлэн байна. Дүгнэлт хэзээ гарах зэрэг нарийн мэдээллийг бид хэлж мэдэхгүй байна. Манай компанийн хувьд ус ашигласны төлбөрийг дор бүрд нь төлсөөр ирсэн бөгөөд 2025 онд гэхэд 27.6 тэрбум төгрөг төлсөн бол 2013 оноос хойш нийт 219.1 тэрбум төгрөг төлсөн байдаг. 
  • "Оюу толгой" уурхай үйлдвэрт ашиглаж буй усныхаа дунджаар 87 хувийг дахин ашиглаж байгаа бөгөөд бид байгальд ус хаяхгүй гэсэн зарчмын дагуу ажилладаг. Мөн манай уурхай дэлхийн ижил түвшний зэсийн үйлдвэрийн уурхайтай харьцуулахад гурав дахин бага ус хэрэглэж байгаа. Мөн уурхай Өмнөговь аймгийн малчдын унд ахуйн уснаас эх үүсвэрээ авдаг гэсэн өрөөсгөл мэдээлэл байдаг. Уурхай усны хэрэглээгээ Гүний хоолойн усны ордоос татдаг. Энэхүү хоолой нь газрын гадаргаас 150-400 метрийн гүнд байрладаг бөгөөд хүн, амьтан шууд ууж хэрэглэх боломжгүй өндөр эрдэсжилттэй ус байдаг. Харин малчдын унд ахуйн усны үүсвэр 10-20 метрийн гүн байдаг бөгөөд энэ хоёр хоорондоо шаварлаг давхаргаар тусгаарлагдсан тул уурхайн ашиглаж буй ус малчдын унд ахуйн устай холбоогүй гэдгийг баталсан. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe