Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлэх байр суурь давамгайллаа

Ц.Чимэдцэеэ
2026-04-01

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаан 09:03 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, нийт таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ч гишүүдийн саналыг үндэслэн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Үүний дараа “Туулын хурдны зам” төслийн хэрэгжилтийн явц, эдийн засгийн үр ашиг, санхүүжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өглөө. Уг төслийг 2008 оноос төлөвлөж эхэлсэн бөгөөд 2025 онд шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлээр зургаан эгнээ бүхий авто зам, нийт 9.9 км гүүрэн байгууламжтайгаар хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Төслийн гүйцэтгэгчийг 2025 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, гэрээг байгуулсан бөгөөд барилгын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Санхүүжилтийг нийслэлийн төсөв болон замын сангийн эх үүсвэрээр гурван жилийн хугацаанд хуваан хийхээр байгаа аж.

Нийслэлийн удирдлагаас төслийг хугацаанд нь хэрэгжүүлж, 2027-2028 онд ашиглалтад оруулах зорилт тавьж буйгаа илэрхийлсэн. Зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл 35 хүртэлх хувиар буурч, цаашид тойрог хурдны замтай холбогдсоноор 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байна.

Харин Байнгын хорооны гишүүд төслийн нийт өртөг нэмэгдсэн шалтгаан, байгаль орчны нөлөөлөл, иргэдийн оролцоог хангах асуудал, мөн мэдээллийн ил тод байдлыг сайжруулах шаардлагатайг онцолсон юм. Ялангуяа томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд олон нийтийн санал авах, ойлголцлыг бий болгох нь чухал гэдгийг гишүүд анхаарууллаа.

Ингэснээр “Туулын хурдны зам” төслийг зогсоох асуудал яригдаагүй бөгөөд харин хэрэгжилтийг илүү нээлттэй, хариуцлагатай явуулах шаардлагатай гэсэн байр суурь давамгайлсан байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөхийг гишүүдийн 73.7 хувь дэмжиж, шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулахтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэхийг 63.2 хувь нь дэмжлээ.

Төсвийн байнгын хороо хэлэлцсэн асуудлуудаар холбогдох санал, дүгнэлтийг гарган Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe