МАН Ерөнхий сайдаа сольж шинэ Засгийн газраа бүрдүүлэх гэж нэлээдгүй л юм болж байх шиг. Уг нь Н.Учралыг УИХ-ын даргаас нь буулгах, буцаагаад Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүртэл ердөө хоёрхон өдөр л болсон. Энэ эрчээрээ цааш туушиндах нь уу гэсэн чинь УИХ-ын дарга хэн байх вэ гэдгээ шийдэж чадалгүй гурав дахь өдрөө болж байна. Сунжрах тусам илүү хортой. УИХ-ын даргад суучих санаатай хүмүүс энд тэнд улс төр хийж эхэлнэ. Явган, босоо ярианууд гарна. Зарим нэг нь бүр өөрөө би хиймээр байна гэж дуугарсан гэх яриа гарав. Тэр нь Г.Занданшатарын Засгийн газарт Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд хийж байсан Ж.Энхбаяр. Харин өөрийг нь шинэ Засгийн газарт 2008 онд хашиж байсан Батлан хамгаалахын сайд дээр зоосон байхыг хараад ихэд уурласан гэнэ шүү. Би энгийн сайд болж чадахгүй УИХ-ын дарга болгохгүй бол Тэргүүн шадар сайд хийнэ гэж пээдэлзсэн сурагтай.
УИХ-ын дарга хэн болох дээр яагаад тохирч чадахгүй байна?
МАН хоёр тал УИХ-ын даргын суудалд хэн нь хүнээ оруулах вэ гэдэг дээр тохирч чадалгүй гурав хоног хуралдаад шийдэж чаддаггүй ээ. Л.Оюун-Эрдэнийн тал анх УИХ-ын даргаа, хоёр сайдын суудалтай авъя гэж санал тавьж. Хариуд нь У.Хүрэлсүхийн тал УИХ-ын даргаа бол манайх өөрсдөө авна. Харин танай хүмүүсийг Засгийн газарт сайдаар тавьж өгье гэсэн юм байх. Ингээд харилцан тохиролцож чадалгүйгээр өдөр, шөнийг барсаар өнөөдөр хүрчээ. Энэ хооронд нь би дарга болно гэж хошуугаа унжуулах нь унжуулаад, цээжээ дэлдэх нь дэлдээд эхэлсэн. Сангийн сайд асан Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогт, Тэргүүн Шадар сайд асан Ж.Энхбаяр, одоогийн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын нэр Н.Учралыг ажлаа өгсөн цагаас хойш яригдсан. Энэ дунд С.Амарсайхан орж ирнэ. Түүнийг Л.Оюун-Эрдэнийн талаас УИХ-ын даргад хүчтэй зүтгүүлж байгаа. Бүгд л танил нэр. Алан тушаал хашиж явсан ч алдар гавьяа байхгүй хүмүүс. Б.Жавхлан тоог яаж улс төрийн нөхцөл байдалд тааруулан ашиглаж болдог вэ гэдгийг олон жил Сангийн яам атгахдаа бидэнд харуулсан. С.Бямбацогт бол гэмгүй царайлчхаад их гэмийн эзэн гэж яригддаг. Харин Ж.Бат-Эрдэнэ аль аль талд нь налж унаад байлгүй тэг дундуур нь туучиж байгаад тухайн цаг үедээ хүч давамгайлсан тал руу нь налж унадаг улс төрч. Ж.Энхбаярыг бид бүгд мэднэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын найз. У.Хүрэлсүхийн сэргэн мандалттай хамт түүний ажил, алба өөдлөн дэвшсээр ирсэн. Одоогоор хамгийн том артай учраас би УИХ-ын дарга болно хэмээн томорч суугаа байх. Чадал нь дийлдэг юм байж чадвар нь хүрэх болов уу даа. Очсон газар болгондоо олигтой ажил хийлгүй сандал бөглөж, намтар бичүүлж аваад л салдаг хүн шүү дээ. За одоо тэгээд Ерөнхийлөгч найзтай байхад юунд ч алзахгүй дээ. Сарвайснаа авч, сандайлсан дээрээ эзэн болох байлгүй. Өөрөө ярихдаа би УИХ-ын дарга болохгүй гэж яриад байгаа. Гэхдээ намаас намайг томиллоо гээд болчхоод гараад ирж мэдэхээр л хүн. УИХ-ын даргаа байя гэхэд дараагийн засагт ямар нэгэн сайдаа аваад үлдэх нь тодорхой байх. Харж л байя. Одоохондоо түүнийг ажилгүй болгох зориг Н.Учралд байхгүй. Бизнес рүү гээ ойртуулж яамаа нүүлгэдэг хүн шүү дээ. Хол явах хүнд хог новшийн хэрэг байна уу Ерөнхий сайд Н.Учрал аа.
Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд дараагийн УИХ-ын дарга хэн байх вэ гэдгийг хэлэлцэж байгаа. Үүний дараа Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлаж УИХ-ын чуулганаар оруулах юм. Ер нь бол УИХ-ын дарга тодорчихвол цаасан дээр зураатай байгаа сайдуудын нэр батламжлуулахаа хүлээгээд ширээн дээр хэвтэж байгаа. Гол нь УИХ-ын дарга хэн байхаас шалтгаалж ганц нэг сайд нааш цааш хөдлөх болчхоод байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх