Еэ еэ бөөвөө

Б.Энхтулга
2026-04-02

Эрх барьж байгаа нам эвлэхгүйгээр цуурах ямар хэцүү гэдгийг сүүлийн хагас жил гаруй хугацаанд монголчууд бид мэдэрч байна. Ард түмэндээ мэдрэгдтэл ан цав үүссэн гэхээр энэ нам үнэхээр төрийн эрх барих чадамжгүй болжээ гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм. Уг нь учраа олоод улсын ажил урагшлуулах нь уу гэж олон түмэн мөн ч тэвчээртэй харж сууна. Гэхдээ аль аль нь тэгэх бодолгүй байх шиг. Чүдэнз зурах төдийд л дүрэлзчих гээд байдаг болсон харагдана. Гэтэл ордны гадна махны үнэ 30 мянган төгрөг хол гарч, дизель түлш удахгүй нэгж үнэ нь 10 мянга төгрөгт хүрч, өдрөөс өдөрт цахилгааны дутагдалд орж, олон улсын нөхцөл байдлын муу нөлөө нь манай улс руу ойртсоор. Ордон доторх хэд маань эрх мэдлээ хэрхэн хуваарилж, хэн нь илүү гарах вэ гэдгээ л шийдэх гэж улайраад л... Тэдний энэ дотоод тэмцлийг сошиал ухаж, комментоор нэгнээ доромжилж бяцхан эгогоо тэжээдэг хэсэг нөхөд харж бахаа хангах юм бас Ардчилсан намынхан хүслээ хангаж таашаал авах юм.

УИХ-ын даргад Удирдах зөвлөл 100 хувийн саналаар С.Бямбацогтыг дэвшүүлсэн хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар түрүүхэн хэвлэлд ярилцлага өгөв. Түүнтэй хамт С.Амарсайхан нэрээ дэвшүүлсэн ч өнөөдөр өөрөө нэрээ татсан гэж энэ үеэр дурдсан. Тэгсэн удалгүй С.Амарсайхан нэрээ татсан гэдэг мэдээлэл худал хэмээн үгүйсгэх нь тэр. Бүр нэрээ ч дэвшүүлээгүй гэв. Нөгөө Оюукын бүлгийн 30 гишүүдээс нь нэг хүнийг хүчээр УИХ-ын даргад нэрийг нь дэвшүүлж байна. Энэ хэвээр үргэлжилбэл Засгийн газарт орж ажиллахгүй хэмээн яриад эхлэв. Бас нэг сонин зүйл нь яг үүнтэй зэрэгцээд Ардчилсан намын 4:11 хэвлэлийн хурал дээр Туулын хурдны зам болон нийслэлийн төсөвтэй холбоотой мэдээлэл хийх байсан ч нэг сэдэв нэмж орж ирэн парламент дотроо л хуулийн мэдлэгээрээ тэргүүн эгнээнд зогсдог Х.Тэмүүжин гишүүн гарч ирлээ. Тэрээр ярихдаа “АН УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад удаж байна. Тус хуулийн төсөлд “УИХ-ын дарга намаасаа түдгэлзэнэ, УИХ-ын даргыг 64 гишүүн нэр дэвшүүлж сонгоно” гэж заасан. Тиймээс дээрх хуулийн төслийг хэлэлцүүлэхийг шаардаж байна.” гэж хэлээд МАН-ын асах гээд ядаж байсан гал дээр нь тос асгачхаад гараад явчихлаа. Болоод байгаа эдгээр үйл явдлуудын ньюансыг тайлаад харах юм бол гурван өдөр өдөр, шөнөгүй ярьсан тэдний яриа эцэст нь тохироонд хүрч чадаагүй юм шиг...

МАН-ын хагаралтай байгаа энэ үед хамгийн их доог тохуу хийж шахаанд оруулж байгаа нам нь мэдээж Ардчилсан нам. УИХ-д цөөнх болж сөрөг хүчний байр суурь дээрээс улс төрөө хийж байгаа ч одоогийн байдлаар олонх аятай л оодорч байгаа. Тэгэх ч ёстой юм. Нэгдэж чадахгүй бол сөрөг хүчин яаж улс төр хийдэг вэ гэдгийг л харуулж байгаа хэрэг. Нэгдээд цааш явбал Ардчилсан намыг нохой ч гэж тоохгүйгээр шийдвэрээ гаргаад явах боломжтой. Гэхдээ нэгэнт чадахгүй байгаа юм чинь яалтай билээ. Сөрөг хүчин урагшлуулах ажлаа урагшлуулж, ашигтай улс төрөө хийнэ.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ах нартайгаа тохиролцож чадахгүй байгаа бололтой. Уг нь У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын даргаа манай тал авна. Танай хэдээс таван хүнийг сайд болгоё гэсэн юм шиг байна лээ. Тэгсэн тэнцвэр муутай санал байна гээд Д.Амарбаясгалангийн зүгээс УИХ-ын даргаа авна гэж гүрийсэн гэх. Ингээд учраа олохгүй болохоор нь С.Бямбацогтыг туушиндахаар болж өнөөдөр зарлав. УИХ-ын даргаа томилчихвол цааш Засгийн газар бүтцээ оруулж ирээд батлуулах гээд байдаг. Хэрвээ энэ чигээрээ С.Бямбацогтыг УИХ-ын дарга болгох гэж чуулганы танхимд оруулж ирэх юм бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн улс төрийн акц үргэлжлэх нь тодорхой. Нөгөө талд Ардчилсан нам ч гэсэн одоогийн УИХ-ын даргыг эсэргүүцэж байгаа. Магадгүй тэдэнтэй нийлж УИХ-ын чуулганд суухгүйгээр бойкотлож мэдэх юм. А.Б, Л.О нарын 30 гишүүн Ардчилсан намын 42-той нийлэх юм бол 72 болж олонх бүрдүүлнэ. Чуулган хуралдах боломжгүй нөхцөл байдалд оруулах юм. Гэхдээ У.Х зүгээр суугаагүй юм шиг байна лээ. Ардчилсан намын зарим гишүүдийг өөрийн талд оруулж Бүлгийн даргаас О.Цогтгэрэлийг огцруулах гэж оролдсон. Цочроо өгөн хатгаад авч байгаа юм л даа. МАН-ын дарга Н.Учралд ИЗНН, ХҮН, Үндэсний эвсэл нарыг багтаасан Засгийн газар байгуулна гэж тооцвол өөрийн 38-тай нийлээд ИЗНН-4, Үндэсний эвсэл-4, ХҮН-8 гээд нийт 54 кноп л цугларна. Энэ кнопоор УИХ-ын даргаа баталж чадахгүй. Тэгэхлээр яалт ч үгүй шахаанд орж таарна. Өөрт нь бол гялс УИХ-ын дарга дээрээ тохироод Засгийн газрын бүтцээ оруулаад цааш явах бодол л байгаа байх. Даан ч амьдрал хүслээр болдоггүй гэдэг шиг намын дарга нэртэй л болохоос биш түүний хүслээр болдог улс төрийн нүүдэл ч гэж юу байх вэ. Бүгдийг мань хүн л мэднэ шүү дээ.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe