Дубай хотод жуулчдын тоо огцом буурч, орон нутгийн бизнесүүдийн орлого 70-80 хувиар буурчээ

.Graph
2026-04-03

Ираны эсрэг АНУ, Израилын эхлүүлсэн мөргөлдөөн газар авснаас хойш Дубай хотын аялал жуулчлалын салбар хүнд нөхцөл байдалд ороод байна. 

Сүүлийн хорин жилийн хугацаанд Дубай хот дэлхийн тэргүүлэх аялал жуулчлалын төвүүдийн нэг болж хөгжсөн бөгөөд өнгөрсөн жил гэхэд л 19.59 сая олон улсын жуулчин хүлээн авч, дэлхийн хамгийн их хүн зочилдог хотуудын нэг болж байжээ.

Харин одоо энэ бүхэн талаар нэг болж жуулчны төвүүд болон зочид буудал, хоол, ресторан зэрэг орон нутгийн бизнесүүд дампуурах дээрээ тулжээ.

Жуулчдад зориулж үйл ажиллагаагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн орлого 70-80 хувиар буурч, ажилчдынхаа цалинг 30 хувиар бууруулах хэмжээнд хүрчээ.

2-р сарын 28-нд эхэлсэн мөргөлдөөн тус бүс нутгийн агаарын тээврийн үйл ажиллагааг тасалдуулж, улмаар олон зуун нислэг цуцлагдсаар байгаа юм. Дэлхийн хамгийн их зорчигч тээвэрлэдэг Дубайн олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн жил 95.2 сая зорчигчид үйлчилжээ. 

Оксфордын Аялал жуулчлал дахь эдийн засгийн судалгаагаар Дубай хотод энэ жил 23-38 сая жуулчин зочлох боломжтойг тооцоолсон бол өнөөгийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл тэд жуулчдын зардлаас олох 34-56 тэрбум ам.доллар алдах боломжтой гэж дүгнэжээ. 

Ираны цэргийн хариу арга хэмжээний нэг гол бай тус хот байсан бөгөөд эрх баригчдын мэдээлснээр Дубайн нисэх буудал болон хотын барилга, байгууламжид нийт 2400 цохилт иржээ.

Өнөөдрийг хүртэл дайны улмаас 11 хүн амиа алдаж, 185 хүн гэмтсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe