Х.Нямбаатарыг огцруулах гарын үсэг зуруулж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн дарамталжээ

Г.Энэбиш
2026-04-06

Туулын хурдны замтай холбоотойгоор иргэдийн тайван жагсаал, цахим орчин дах шүүмж хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Үүний нэг нь UIH.mn цахим талбарт иргэд өөрийн хүсэлтээр хотын даргыг огцруулах тухай гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ гарын үсэг хэдийнээ 37 мянгыг давжээ. Энэ нь Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-өөс өөр бөгөөд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлдэг талбар юм. Тэгвэл эгвэл уг асуудалтай холбоотойгоор “United info hub” сайт мэдэгдэл гаргажээ. 

UIH.mn талбар нь мэдээллийн ил тод байдлыг хангаж, төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой хараат бус талбар бөгөөд 2026 оны 3-р сарын 31-ний “Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөл”-ийг иргэний санаачилгаар нийтэлсэн болно.

Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг шаардаж Ерөнхий сайд Н.Учрал болон Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд хаягласан тус цахим өргөдөлд одоогоор 37’000 гаруй хүн нэгдээд байна. Монгол Улсын иргэд өөрсдийн үзэл бодол, шүүмжлэлээ чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх юм. Гэтэл НЗДТГ-аас өчигдөр “UIH.mn сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг албан бус, хуулийн байгууллагад шалгуулна” гэх ижил гарчиг, тексттэй мэдээллийг zarig.mn , focus.mn, zuv.mn, ulsturch.mn, livetv.mn зэрэг сайт, пэйжүүдээр зохион байгуулалттай түгээж буй нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж, хуулийн байгууллагаар далайлгасан шинжтэй үйлдэл гэж үзэж байна.

Мөн Монгол улсад иргэд үзэл санааны эв нэгдэл, эсэргүүцлээ илэрхийлэхдээ хаанаас ч зөвшөөрөл авах, албажуулах шаардлагагүй бөгөөд UIH.mn талбарыг хууль бус гэх мэдээлэл нь ор үндэсгүй. Change.org зэрэг иргэдийн үзэл санааны эв нэгдлийг илэрхийлдэг цахим талбарын адил чөлөөтэй, хил хязгааргүй ажилладаг, хараат бус талбар юм. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг боомилж, хуулийн байгууллагаар далайлгасан уг үйлдлийг хүний эрхийн зөрчил болохыг тогтоолгохоор Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандаж буйг үүгээр мэдэгдье. Дарангуй, түрэмгий хандлагыг эсэргүүцэж улам олуулаа өргөдөлд нэгдэхийг уриалж байна. гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe